Франц Улсын Шамоникс хотод зохион байгуулагддаг “Монбланы марафон” өндөр уулын трасс гүйлтийн тэмцээнд манай баг тамирчид амжилттай оролцлоо. Эх орныхоо далбааг Альпийн нурууны мөнх цаст Монбланы оройд мандуулжээ.

Тус тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн Франц Улсад ажиллаж амьдарч буй Ц.Азбилэг, Б.Байгалмаа, Ц.Батчимэг, Э.Дөлгөөн, Б.Дэлгэрмаа, Б.Өнөрбат нарын зургаан хүний бүрэлдэхүүнтэй тамирчид амжилттай оролцлоо. 

Энэ жилийн тэмцээний хувьд КОВИД-19 цар тахлын улмаас оролцогчдын тоог эрс хязгаарлаж, 4,000 хүн оролцож гүйсэн. 

Манай улсын тамирчдын хувьд анх удаа уулын болон хэт өндөрлөг газрын тэмцээнд оролцсон байгаа бөгөөд Ц.Батчимэг өөрийн насны ангиллаар 17 дугаар байранд, Б.Өнөрбат 23 дугаар байранд орсон. Бусад гишүүдийн хувьд ч мөн адил хувийн болон клубын хувьд өндөр амжилт үзүүлж барианд орсон байна.

Монбланы марафон нь 42 дахь жилээ зохиогдож байна. Жил бүр 80 гаруй орноос нийт 10,500 гаруй гүйгчид ирж оролцдог олон улсын хэмжээний томоохон тэмцээн юм. 

Уг тэмцээнд маш олон хүн бүртгүүлдэг тул лоттери буюу сугалаагаар оролцогчдыг сонгодог. Парис Парис хотноо ажиллаж амьдардаг монгол иргэдийн “Монгол гүйгчид” клубын 6 гишүүн сугалаа таарч оролцох боломж бүрдсэн байна.