МҮХАҮТ-аас Ковидын дараах эдийн засгийг дэмжих “Их Сэргэлт” санаачилгыг дэвшүүлсэн. Энэхүү арга хэмжээг бизнес эрхлэгчид хэрхэн дэмжиж байгааг тодруулах зорилготой товч асуулгыг энэ сарын 2-6-ны өдрүүдэд явууллаа. 

Асуулгад МҮХАҮТ-ын гишүүн болон гишүүн бус бизнес эрхлэгчид оролцсоноос 87 хувь нь үүсээд буй их хямралын үед эдийн засгийг сэргээх чөлөөлөлт, зохицуулалт хэрэгжүүлэх боломжтой гэж үзсэн байна.  

Түүнчлэн судалгаанд оролцсон бизнес эрхлэгчдийн 86 хувь нь бүрэн болон хэсэгчилсэн байдлаар бүх төрлийн татвар, шимтгэл, торгуулийн төлбөр, алдангиас чөлөөлөх арга хэмжээг авч хэрэгжүүлэх нь зөв гэж хариулжээ. 

Гурваас дээш жил “Х-тайлан” өгсөн, тухайн компани өөрөө хасуулах хүсэлт гаргасан бол компанийг улсын бүртгэлээс автоматаар хасах асуудлыг дэмжиж байгаа эсэхийг тодруулахад судалгаанд оролцогсдын 57 хувь нь бүрэн дэмжсэн ба татварын шалгалт, дампуурлын үйл явц хүндрэлтэй байдаг гэв.

Зээлээ төлсөн боловч зээлийн эргэн төлөлтийн хугацааг хэтрүүлэн зээлийн мэдээллийн сан дах зээлийн ангилал буурсан иргэн, аж ахуй нэгжийн мэдээллийн сан дахь мэдээллийг нэг удаа шинэчлэн, харагдуулахгүй болгох арга хэмжээг хэрхэн дэмжиж байгааг тодруулахад 90 хувь нь мэдээллийг нэг удаа арилгахыг дэмжжээ.