Онцгой байдлын ерөнхий газар, Зам, тээврийн хөгжлийн яам хамтран баяр, наадмын амралтын өдрүүдийн нөхцөл байдлын талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. 

Мэдээллийн эхэнд ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа Б.Мандахгэрэл “Үер, усны ослын 38 удаагийн дуудлагаар төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид ажиллан 146 хүний амь насыг авран хамгааллаа. Мөн усны ослоор амь насаа алдсан 10 иргэнийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, цогцсыг Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна. Эдгээр иргэдийн 8 нь том хүн, 2 хүн нь хүүхэд. 

Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын нутаг дэвсгэрт 10-ны өдөр хүчтэй мөндөр, аадар бороо орсны улмаас уруйн үерт малчин Э,Ц нарын 104 ямаа, 6 хонь, нийт 110 бог мал хорогдсон. Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нутгаар 7 дугаар сарын 12, 13-ны өдөр усархаг аадар бороо орсны улмаас үерийн ус зайлуулах далан сэтэрч 34 айл өрхийн гэр, хашаа байшин үерт автсан бөгөөд аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид даланг засах, айлуудын хашаанд орсон усыг соруулах, суваг шуудуу сэргээх ажиллагааг зохион байгуулан ажиллалаа. 

Мөн Увс аймгийн Улаангом сумын нутгаар 14-ний өдөр орсон хүчтэй аадар борооны улмаас 3 өрхийн 8 гэр үерт автсан.  Улаангом сумын “Гашууны гол”-ын түр гүүр, Түргэн сумын “Түргэн” голын гүүр үерийн усанд эвдэрч зорчиж явсан автомашинууд үерийн усанд боогдсон дуудлагаар Онцгой байдлын газрын дарга, хурандаа Б.Баттулгаар ахлуулсан алба хаагчид ажиллаж, үерт өртсөн айлуудын хашаан дахь усыг соруулж, гэрүүдийг нүүлгэн шилжүүлж, үерийн усанд боогдсон 2200 гаруй автомашинуудыг татаж гаргасан.  Говь-Алтай аймгийн Халиун сумын нутгаар 13-ны өдөр орсон хүчтэй аадар борооны улмаас Халиун сумаас Цээл сумын чиглэлийн шилэн кабелийн 19.4 км-т гэмтэл гарч, үүрэн холбоо болон цахим сүлжээ тасарсан. “Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК-ийн засварын баг гэмтлийг сэргээн засварлахаар ажиллаж байгаа гэдгийг мэдээлсэн юм.

Харин Зам, тээврийн хөгжлийн яамны Зам засвар, ашиглалтын хэлтсийн дарга Ч.Сугармаа “Хүчтэй усархаг аадар борооны улмаас Мөрөн сумаас Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны чиглэлийн хатуу хучилттай автозамын 3, 4, 6, 7, 9 дэх км-үүдэд зорчих хэсэг дээр үерийн ус давж урссан. Авто замын 3 дах км-т байрлах ус зайлуулах хос төмөрбетон хоолойн хэсэгт замын далан, хучилт 5 метр орчим газар тасарсан. 

Мөрөн-Улиастай чиглэлийн авто замын 3.5 дах км /Дулаан цахилгаан станц орчим/-т зорчих хэсэг дээр үерийн ус давж 30 метр орчим замын далан угаагдаж сэтэрсэн эвдрэлийг “Хөвсгөл-АЗЗА” ТӨХК-ийн ажилтнууд ажиллаж, автозамын хажуугийн лаг шаврыг цэвэрлэн, 2 км урттай түр зам, 4 метр өргөн, 3 метр өндөр, 50 метр урттай шороон далан шинээр байгуулж, 70 м үерийн шуудуу татсан. Эвдрэл гарсан хэсгийн хажуугаар түр зам гарган замын хөдөлгөөнийг саадгүй нэвтрүүлж байна.Мөн Элсэн тасархай-Хархорин чиглэлийн авто замын 333-оос 337 дэх км-т зорчих хэсэг дээр үерийн ус давж замын хөвөө, далангын хажуу налуу угаагдаж эвдэрсэн. Хэсгийн  шороо, чулууг цэвэрлэж дууссан. Одоогийн  байдлаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөн саадгүй үргэлжилж байна”  хэмээн онцоллоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.