Мэдээлэл солилцох, зар сурталчилгаа түгээх хамгийн том салбар болоод байгаа сошиал сүлжээнд идэвхтэй ажилладаг вэб сайт, пэйж хуудас, группийн админ, IT технологийн мэргэжилтнүүд нэгдэн Монголын сошиал медиа хөгжүүлэгчдийн холбоо байгуулагдаад байна.
Уг холбоонд өнөөдрийн байдлаар 20-480 мянга хүртэлх гишүүдтэй 31 фэйсбүүк групп 30-240 мянган дагагчтай нийт 152 фэйсбүүк хуудас, 1,5-37 мянган дагагчтай 18 twitter хуудас нэгдэн давхардсан тоогоор 11,352,000 like болон дагагчдыг нэгтгэсэн томоохон сүлжээг үүсгээд байна.

Сошиал сүлжээ мэдээлэл солилцож, мэдлэг түгээн, цагийг үр бүтээлтэй хөгжүүлэх сайн талтай ч худал мэдээлэл цацах, хүний нэр хүндэд халдах гэх мэт сөрөг нөлөөлөл ч бас бий. Тиймээс сошиал сүлжээг байгуулснаар мэдээлэл солилцох болон маркетинг сурталчилгааны хөгжлийг шинэ шатанд гаргах зорилтыг тус холбооныхон дэвшүүлж буй.
Тэд  энэ сарын 8-нд бүх гишүүдийн хурлаа хийх гэж байна. Хан-Уул дүүргийн Соёлын төвд болох бөгөөд нэгдэх сонирхолтой бүх хүмүүст нээлттэй байна гэж Монголын сошиал Медиа хөгжүүлэгчдийн холбооны Төлөөлөн удирдах зөвлөлөөс мэдэгдлээ.