Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан үндэсний хэмжээнд эм ханган нийлүүлэгч “Монос трейд”, “Монгол эм импекс концерн”, “Ач үр” зэрэг аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй уулзлаа.

Энэ үеэр аж ахуйн нэгжүүд вакцин авчран  хадгалж, нөөцлөх бүрэн боломжтой гэдгээ илэрхийлжээ. 

“Монос трейд” компани АстраЗенека, “Монгол эм импекс концерн” Спутник-V вакцин оруулж ирэх хүсэлтээ Эрүүл мэндийн яаманд өгсөн байна. Гэхдээ шууд нислэг зогссоноос болж тээврийн зардал нэмэгдсэн нь хүндрэл учруулж байгаад анхаарахыг хүссэн аж.  Мөн Иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах чиглэлээр гаргасан төр, засгийн гаргасан шийдвэрийг дагахын зэрэгцээ бүх талаар хамтарч ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлсэн байна.  

Аж ахуйн нэгжүүд Засгийн газрын бодлогын хүрээнд эрсдэлийг тооцсон судалгаанд үндэслэж вакцин татан авах юм байна. 

УОК-ын дарга С.Амарсайхан дархлаажуулалтыг  эрчимжүүлэхэд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа чухал байгааг хэлж, вакцины татан авалтыг хурдасгахад шаардлагатай бүх дэмжлэгийг үзүүлнэ гэв.