УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр Г.Дөлгөөнийг, Монголбанкны Дэд ерөнхийлөгчөөр Г.Энхтайваныг томиллоо.

Г.Дөлгөөн нь 1988 онд Улаанбаатар хотод төрсөн, 2004-2008 онд МУИС-ийг Олон улсын харилцааны сургуулийн олон улсын эдийн засагч мэргэжлээр төгсч, 2013-2015 онд Люксембургийн их сургуулийн банк, санхүүгийн магистрын зэрэг хамгаалжээ. 2006-2007 онд “Жонон даатгал” ХХК-д менежер, 2008-20103 онд Монголбанкны Бүртгэлийн хэлстийн нягтлан бодогч, 2010-2013 онд Монголбанкны Хяналт шалгалтын хэлтэст нягтлан бодогч, хянан шалгагч, 2014-2015 онд Люксембурийн Вант Улсын “Шродерс“ санд дадлагажигч ажилтан, 2015-2016 онд Монголбанкны Хяналт шалгалтын газрын  ахлах хянан шалгагч, 2016-2018 онд Монгол Улсын Хөгжлийн банкны Дэд захирал бөгөөд Эрсдэлийн үнэлгээ, удирдлагын газрын захирал, 2018 оноос Төрийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж буй аж. 

Г.Энхтайван нь 1982 онд Төв аймгийн Зуунмод хотод төрсөн. 2002-2007онд АНУ-ын Арканзасын их сургуулийг бизнесийн удирдлагын бакалавр, 2012-2013 онд Их Британийн Оксфордын их сургуулийн бизнесийн удирдлагын магистр, Лондонгийн Эдийн засаг, улс төрийн шинжлэх ухааны сургуулийн эрх зүйн магистрын зэргийг тус тус хамгаалжээ. Тэрээр 2007-2011 онд Санхүүгийн зохицуулах хороонд мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, хянан шалгагч, 2011-2012 онд Гадаад харилцааны яаманд сайдын туслах, Эдийн засаг, хамтын ажиллагаа, гадаад хуралдааны газарт атташе, 2013-2015 онд “Америк банк”-д дадлагажигч/шинжээч, 2015-2018 онд “Хөдөө аж ахуйн давхар даатгал” ХК-ийн гүйцэтгэх захирал, 2018 оноос “Үндэсний давхар даатгал” ХК-ийн гүйцэтгэх захирлаар тус тус ажиллаж иржээ.