Монгол Улсын Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт зохиолч Дармын Батбаяр 2020 оны тавдугаар сарын 12-ны өдөр хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ. Түүнийг өнөөдөр эцсийн замд нь үдлээ.

Боржигон-Од овогт Дармын Батбаяр нь 1940 оны луу жил Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын нутагт “Их Номгоны үзүүр” хэмээх газар төржээ. Сурвалжит гэр бүлээс гаралтай тэрбээр бага наснаасаа эрдэм номонд шамдан суралцаж, уран зохиолд шимтэн дурлаж, авьяас билгээ хөгжүүлж иржээ. Тэрбээр бага дунд сургууль, Москва хотод Геологийн дээд сургууль, МУИС-ийн геологийн анги, 1977-1979 онд М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуулийн дээд курс төгссөн ашигт малтмалын инженер, мэргэжлийн зохиолч юм.

Тэрбээр бүхий л ухамсарт амьдралаа ард түмнийхээ соёл гэгээрлийн төлөө зориулсан бичгийн их билгүүн суутан юм. Монгол хэлт сонгодог уран зохиолын их өв санд хүүрнэл зохиол, яруу найраг, жүжиг, киноны зохиол, уран зохиол судлалын олон гайхамшигт бүтээл бичиж үлдээсэн ХХ-ХХI зууны Монголын орчин үеийн уран зохиолын туурвил зүйн сэтгэлгээний шинэчлэгч, уран сайхны үнэлэмжийн шинэ хэм хэмжээг тогтоогч байлаа. Тэрбээр өөрийн уран бүтээл, үйл хэргээрээ Монголын уран зохиолын бүхэл бүтэн 3 үеийг хүмүүжүүлэгч, үлгэрлэн дагуулагч, нэрт сурган хүмүүжүүлэгч багш юм.

Ум сайн амгалан болтугай.