Монгол Улсын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцооны үнэлгээ доогуур гарсантай холбоотойгоор Америкийн банкууд Монголын банкуудтай төлбөр, тооцоо хийхдээ өндөр шаардлага тавьж эхэлжээ.

Үүнээс үүдэн Америкийн банкууд руу төлбөр, тооцоо хийхэд цаг хугацааны хувьд нэлээд бэрхшээл гарч байгаа аж. Өөрөөр хэлбэл, хүлээн авагч буюу Америкийн банкууд тухайн гүйлгээний талаар маш их тодруулга авах, зарим гүйлгээг нэг сар хүртэлх хугацаагаар удаашруулж, шалгах болсон гэнэ.

Цаашид Европын банкууд, бусад улсын банкууд адилхан арга хэмжээ авахыг үгүйсгэхгүй. Монголын байдал албан ёсоор хэрвээ зарлагдвал нэлээд хүндрэл үүснэ гэдгийг мэргэжилтнүүд дурьдлаа.

Тийм учраас Монголбанк, банкны холбоо, Санхүүгийн зохицуулах хороо, Санхүүгийн мэдээллийн алба хамтран харилцагчдад зориулсан таниулах үйл ажиллагааг зохион байгуулжээ.

Энэ ажлын хүрээнд тухайн гүйлгээг ямар зорилгоор хийж байна вэ гэдгийг тандаж асууж эхэлсэн байна. Ингэснээр зарим нэг гүйлгээтэй холбоотой гэрээ, хэлцлийн эх хувийг шаардах, харилцагчийн хувьд гэрээний хувь нь тэр бүр бэлэн бус байх, байлаа гэхэд түргэн шуурхай гаргаж өгөхөөс цааргалах гэх зэрэг хүндрэлүүд гарч байгаа талаар Монголбанкны Санхүүгийн мэдээллийн албаны дэд дарга Т.Дуламсүрэн дурьдлаа.

Мөнгө угаахтай тэмцэх үйл ажиллагааны хүрээнд зөвхөн валютаар хийгдэж байгаа гүйлгээ гэлтгүй, бусад харьцангуй шинэ үеийн төлбөрийн хэрэгсэл болж буй криптовалютад хязгаарлалт тавих бодлогыг хэрэгжүүлэх магадлалтай.Учир нь Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллагаас гаргадаг 40 зөвлөмжид 2018 оны аравдугаар сард өөрчлөлт орсноор криптовалютад тодорхой хяналт тавих ёстой гэдэг зөвлөмжийг оруулж өгсөн. 

Тийм учраас Монгол улс ч бас удахгүй үүнтэй холбоотой хууль журамд өөрчлөлт орохыг үгүйсгэхгүй гэлээ.