DAC ХХК-аас “”Монгол Койнуудын ирээдүй ба койны эдийн засагт үзүүлэх нөлөө сэдэвт уулзалтыг өнөөдөр зохион байгууллаа.

Энэхүү уулзалтаар доорх сэдвүүдийн хүрээнд эх сурвалжууд илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлснийг хүргэж байна.

Койн гэж юу вэ?
Хөрөнгө оруулалтын нэг хэрэгсэл. Бусад хөрөнгө оруулалтын хэрэгслээс ялгагдах хамгийн том ялгаа нь 7 хоног 24 цагийн турш арилжаалагдах боломжтой. Үүнээс үүдэлтэйгээр, ихэнх хөрөнгө оруулагч нар койны ард буй үйл ажиллагааг нь анзааралгүй, үйл ажиллагаанд нь ач холбогдол өгч судлалгүй худалдан авах эрсдэлд өртөөд байна. Учир нь санхүүгийн шинжилгээ хийж, тоо бодохоос илүүтэй, оруулаад хэд дахин нугалах вэ гэдэг нь хүний шуналыг амархан татах тул.

Дэд бүтэц буюу блокчэйн технологийн хэрэглээ

Крипто вальют буюу койн нь блокчэйн сүлжээнд бүртгэгдсэн байх ба крипто биржээр дамжиж арилжаалагддаг. Энэхүү дэд бүтэц болсон бүртгэлийн сүлжээ, биржийн дэд бүтэц нь блокчэйн технологийн хэрэглээ юм. Блокчэйн технологи нь өөрөө бүртгэлийг дундын зуучлалгүй баталгаажуулах процессийн автомат хувилбар гэдгээрээ ирээдүйд маш олон төрлийн хэрэглээний боломжийг агуулж байгаа. Зөвхөн койноор төсөөлж болохгүй юм.
Жишээ нь, нотариатын үйлчилгээний автомажсан буюу хүний оролцоог байж болох хэмжээнд бууруулсан хувилбар, албан ёсны хурал цуглаанд гарсан санал болон хэлсэн үгийг дахин өөрчлөх боломжгүйгээр баталгаажуулах гэх мэт.

Крипто бирж ба түүн дээр гарах койны онцлог

Крипто бирж нь албан ёсоор баталгаажсан оролцогчид хоорондын арилжааны бүртгэлийг дундын байгууллагын оролцоогүйгээр хийдэг онцлогтой тул илүү олон тооны, мөн илүү хурдтайгаар арилжаа хийгдэх боломжийг өгч байна.

Харамсалтай нь, энэхүү боломжийг өгч чадаж буй системийн бүрэн шаардлага, өөрчлөлт шинэчлэлтийг цаг тухайд нь хийдэг биржүүд байхад, наад захын стандартыг ч хангахгүй, ардаа гар ажиллагаа бүхий эрсдэлтэй үйл ажиллагаа бүхий биржүүд байсаар байна. Эдгээр биржүүд нь цаг хугацааны явцад койн гаргагч нар сонгохгүй, хэрэглэгчид арилжаа хийхгүй байх, улмаар зохицуулагч байгууллагын шаардлага хангахгүйн улмаас үйл ажиллагаагаа хаах нь цаг хугацааны асуудал болсоор.


Крипто биржийн хувьд уламжлалт хөрөнгийн зах зээлийн зарчим энд ч мөн өөрчлөгдөхгүй бөгөөд бирж нь найдвартай үйл ажиллагаатай, зохицуулах байгууллагын шаардлагыг бүрэн хангаж, койн гаргагч нарт хэрэглэгчийн баазыг бүрдүүлж өгөх, койн нь аливаа доголдолгүй хэрэглэгчийн хүсэлтээр арилжаалагдах боломжоор хангаж байх ёстой. 

Тиймээс аль болох олон хэрэглэгчийн бааз нь онцгой цухал бөгөөд тэр хэмжээгээрээ койн эзэмшигч болоод койн гаргагч нарын өмнө өндөр хариуцлага хүлээнэ.

Дээрх нөхцөл шаардлагыг хангахгүй үйл ажиллагааны хүрээнд крипто биржид бүртгэх үйлчилгээний төлбөр, гүйлгээний шимтгэл авч буй биржүүд нь зах зээлийн зарчмаар үйл ажиллагаа нь хумигдах нь тодорхой.


Үл хөдлөх хөрөнгө ба Крипто валют

Үл хөдлөх хөрөнгө нь өөрөө үнэлгээ болоод худалдах худалдаалагдах нь мөнгөн дүн нь ихтэй тул, төдийлөн олон нийт энэхүү арилжаанд оролцоод байж чаддаггүй. Тиймээс үл хөдлөх хөрөнгийн өгөөжийн хүртээмж нь олон нийтэд хангалттай байж чадахгүй байна.


Энэхүү нөхцөл байдлыг олон улсын, ялангуяа хөгжиж буй орнуудын хэмжээнд Хөрөнгө оруулалтын сан (ХОС)-ийн тухай хуулийн хүрээнд,  Real Estate Investment Trust (REIT) буюу Үл хөдлөх хөрөнгийн ХОС гэж тусгайлан шийдэж өгсөн байдаг. Одоогоор энэхүү тусгайлан заасан заалтыг хуульд тусгагдаж ороогүй байгаа болно.
ХОС нь Санхүүгийн Зохицуулах Хороо (СЗХ)-ны зохицуулалттай этгээд бөгөөд ХОС нь хөрөнгө оруулагч нарт ХОС-ийн нэгж эрхийг оруулсан хөрөнгийн дүнгээр олгож баталгаажуулна. 

Жич, ерөнхий зарчмын хувьд хаалттай болоод нээлттэй компаниудын хувьцаанд хөрөнгө оруулахтай адил ч, нарийвчилсан зохицуулалт нь ХОС-ийн тухайн хууль болоод СЗХ-ны холбогдох дүрэм журмын дагуу байх юм.

Тиймээс үл хөдлөх хөрөнгийн өгөөжийг олон нийтэд хүртээмжтэй болгох нь ХОС-ийн бүтцийг ашиглан, түүнийг нэгж эрхийг төлөөлсөн крипто валютыг гаргах нь ойрын шийдэл юм.

Цаашлаад, олон нийтийн оролцоог өндөрсгөх, саналыг тусгах арга хэмжээ болгож блокчэйн технологийн бий болгож өгч буй Decentralized Autonomous Organization (DAO) бүтэцийг нэвтрүүлэх нь чухал. Ингэснээр, тухайн койн гаргач нь койн эзэмшигчдын саналыг хөдөлшгүй байдлаар авч үлдэх, түүнийг хэрэгжилтийг эргэн харах зэрэг олон талын үйл ажиллагааны сайжралтыг авч ирэх боломжтой.

Нэг үгээр хэлбэл иймэрхүү байдлаар койн гаргагч нь үйл ажиллагаагаа зөв хийгээд явах нь уламжлалт хөрөнгийн зах зээл байдаг нээлттэй компанийн засаглалын хэлбэрийг хэрэгжүүлэхтэй дүйцэх ойлголт бөгөөд койн гаргагч нар цаашид энэхүү онцлог чанарыг анхааран үйл ажилллагаагаа явуулах шаардлагатай байна.


Крипто вальют ба Санхүүгийн бүтээгдэхүүний хослол
Моргэйжийн зээл, уламжлалт хөрөнгийн бирж дээр арилжаалагдах хувьцаа болоод бонд зэрэг бүтээгдэхүүнүүд ч крипто бирж дээр крипто валют хэлбэрээр арилжаалагдах боломжтой бөгөөд үүнийг олон улсын жишгийг харан хэрэгжүүлэх шаардлагатай байна.


Нэгдүгээрт, моргэйжийн зээлийн бүтээгдэхүүн нь орон сууцны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд онцгой ач холбогдолтой боловч, хүртээмжийн асуудалтай тулгардаг. Энэ нь өөрөө банкны системийн дэд бүтцээр дамжиж хүрэх хязгаарлагдмал байдлаар харагдана. Стандарт, шаардлагыг хэрэгжүүлэн тодорхой хэмжээнд блокчэйн систем дээр суурилсан системийн тусламжтайгаар хэрэгжүүлэх бүрэн орон зай байгаа бөгөөд туршилт тандалтаар хэрхэн хэрэгжүүлэхийг нь тодорхой болгох хэрэгцээ байна.


Хоёрдугаарт, уламжлалт хөрөнгийн бирж нь 24/7 арилжаа явагддаггүй атал Over The Counter (OTC) буюу биржийн бус зах нь 24/7 арилжаа явагдаж байдаг. Энэхүү биржийн системийн зарчмыг крипто бирж нь хэрэгжүүлэх байдлаар уламжлалт хувьцаа болон бондыг 24/7 арилжаанд оруулах, түүний идэвхижилийг нэмэгдүүлэх бүрэн боломжтой.


Цаашлаад крипто валют нь уламжлалт санхүүгийн салбарыг үгүйсгэх бус блокчэйн технологийн тусламжтайгаар илүү давуу байдал олгох, хамтран зохицох ирээдүй байна. 
Ялангуяа, крипто валютаар дамжуулан моргэйжийн бүтээгдэхүүнийг амжилттай нэвтрүүлсэн тохиолдолд, хүртээмжтэй байдал дээшлэх, арилжааны банкуудын шаардаж буй урьдчилгаа төлбөр 30%-иас бага байх, улмаар түрээсийн төлбөр нь шууд байрны төлбөрт тооцогдох түрээслээд өмчлөх зэрэг боложмуудыг нээх юм.

Цаашдын хандлага ба Хууль эрх зүйн орчин

Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль нь 2021 оны 12 сарын 14-ний өдөр батлагдсан бөгөөд одоогоор legalinfo сайтад нийтлэгдээд байна. Төрийн мэдээ нийтлэлд гарснаас хойш ажлын 10 хоногийн дараа албан ёсоор хэрэгжиж эхлэх бөгөөд СЗХ-ны зохицуулах журам хамт гарснаар албан ёсоор хууль эрх зүйн орчин бүрдэх юм.


Тиймээс, Initial Exchange Offering (IEO) буюу крипто бирж дээр крипто валютыг олон нийтэд санал болгох үйл ажиллагаа цаашид явагдах бөгөөд койнууд гарах нь тодорхой байна. Харин Initial Coin Offering (ICO) буюу биржээс гадуур крипто валютыг олон нийтэд санал болгох нь батлагдаад буй хуулийн заалтаар хориглогдсон байна.


Мөн ФАТФ-аас 2021 оны 10-р сард гаргасан зөвлөмжид, крипто валютыг шууд хориглолгүй, аажим нэвтрүүлж, зөрчил алдаа дутагдлыг зохицуулах арга хэмжээ авахыг дурдсан байна. Монгол улсын энэхүү зөвлөмжийг дагасан хуулийн хэрэгжүүлэлт хийхээр төлөвлөж байгаа нь харагдаж байна. Нөгөө талдаа, энэхүү зөвлөмжид крипто валют ба биржээр дамжин, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх үйл ажиллагаа явагдах эрсдлийг онцгойлон анхааруулсан байна.


Цаашлаад олон улсын аудитын фирмүүдийн зүгээс ирээдүйд хөрөнгө нь tokenized буюу крипто эсвэл одоогийн IT системийн шинэлэг хувилбараар бүртгэгдэж явах нь зайлшгүй гэх дүгнэлтийг гаргаад байна.