Нийгмийн амар амгалан, тэнцвэртэй байдал, сайн сайхны төлөө өөрийн мэдлэг оюун, ухамсарт амьдралаа зориулсан Тэргүүн дээд нийгмийн зүтгэлнийг тодруулах “Энхийн шагнал-2019” арга хэмжээ боллоо. Энэхүү шагналыг “Дэлхийн энхийн их наадам” ТББ, “Монгол уламжлал академи”, “Дэлхийн монголчуудын чуулган” ТББ-аас ес дэх жилдээ олгов. Энэ удаагийн “Энхийн шагнал”-ын эзэн Монгол хүний онцлог, бие бялдрын чадавхийг дэлхийд гайхууж 85 насандаа Дэлхийн аварга болсон Цэрэнгийн Раднаа байлаа.

“Энхийн шагнал” шагнал гардуулах ёслолын арга хэмжээ нь 2011 оноос эхлэн жил бүр зохион байгуулагдаж ирсэн бөгөөд энэ шагналд байгууллага, хам олон, хувь хүн төр, нийгмийн салбарт томоохон хувь нэмэр оруулсан, бусдын сайн сайхны төлөөх бодит ажил нь нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн хүнийг нэр дэвшүүлэх эрх нь нээлттэй байдаг. Нэр дэвшүүлсэн эрхмүүдээс шалгаруулалтын комисс “Энхийн шагналтан”-ыг тодруулж түүний зүтгэл, ажил үйлсийг нийгэм олон нийтэд таниулан алдаршуулдаг. Үүгээр нийгэмд эв эеийн соёл, бүтээлч хандлага бий болгоход хувь нэмэр оруулах зорилготой аж.

 

Энэ шагналыг хүртэхэд уран барималч Л.Гантөмөрийн урлан бүтээсэн, дэлхийн бөмбөрцгийг алган дээрээ энхрийлэн барьсан Алунгоо эхийн дүрс бүхий алтан цом, хоёр сая төгрөгөөр шагнадаг. Цар тахлын үед дэлхий нийтээр дасгал, хөдөлгөөн биеийн тамирыг эрхэмлэж байгаа энэ үед “Энхийн шагнал” арга хэмжээг зохион байгуулагч ТББ-уудын зүгээс анх удаа спортын салбарын эрхэмд энэхүү шагналыг олголоо.

Энхийн шагналтан Дэлхийн аварга Ц.Раднаа:

“Энэ шагналыг надад хүртээж байгаад би маш их баярлаж, талархаж байна. Намайг шалгаруулж шагнасан хүмүүстээ аз жаргал эрүүл энх ажлын их амжилт хүсье. Би 85 настай ч гэсэн спортоор идэвхитэй хичээллэдэг. Залуу хүн бүрт биеэ хичээж миний адил гүйгээд дэлхийн аварга болох боломж бий гэдгийг 85 настай өвөө нь харуулж өглөө. Спорт гэдэг бол эм, эмчилгээ юм шүү гэдгийг зөвлөмөөр байна”

Г.Ганбат /Дэлхийн Энхийн их наадам” ТББ-ын тэргүүн/

-Монголын шинэ үеийг авч явах залуучуудад үлгэр дуурайлал болох тэдний ёсзүйг зөв төлөвшүүлэх Монгол бахархлыг бүтээж байгаа эрхмүүдийг алдаршуулж, олон нийтэд таниулах зорилгоор гурван ТББ хамтран “Энхийн шагнал” арга хэмжээг зохион байгуулдаг.  Ц.Раднаа гуйгаар бахархахгүй байхын аргагүй агуу хүн. Хөнгөн атлетикийн мастеруудын ДАШТ-ийн аварга, дэлхий рекордыг дөрвөн удаа шинэчлэн тогтоохдоо Монгол хүн ямар агуу бие махбодьтой вэ гэдгийг харуулж чадсан. Ялангуяа залуус өөртөө байгаа боломж нөхцлийг гололгүй зорилготой байгаад тэр зорилгынхоо төлөө өдөр бүр аажим аажмаар тэмцэж чадвал ямар амжилтад хүрч болох вэ гэдгийг тэр үлгэрлэсэн. Раднаа гуай өглөө үүрээр 06.00 цагт Зайсан руу гарч, Туулын хөвөөг даагаад гүйдэг. Эргэн тойрны хүмүүс нь тэтгэвэртээ гарчихаад тайван амрахгүй яагаад өөрийгөө зовоогоод байгаа юм бэ гэдэг ч хүн өөрийнхөө дуртай зүйлд цаг гаргаж өдөр тутам өөрийгөө дасгалжуулж байх ёстой гэж  хэлдэг гэж ярьсан. Аливаа зүйлийг дуустал нь, үр дүнд хүртэл чин сэтгэлээсээ ханддаг гайхамшигтай эрхэм ахад энэ шагналыг өгсөндөө баяртай байгаа” гэлээ.