Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль /АШУҮИС/-ийн эрдэмтдийн бүтээсэн шүлснээс коронавирус илрүүлэх оношлуурыг өнөөдөр Эрүүл мэндийн яаманд хүлээлгэн өглөө.

Энэ үеэр тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг "Шүлснээс коронавирус илрүүлэх оношлуурыг АШУҮИС-ийн эрдэмтэд сургуулийнхаа лабораторт судлан бүтээж, үйлдвэрлээд өнөөдөр эхний 10.000 оношлуурыг ЭМЯ-нд хүлээлгэн өгч байна. 

Энэхүү оношлуурын мэдрэг чанар нь хамар, залгиурын арчдаас авдаг бусад шинжилгээний оношлуураас өндөр байгааг гадаад, дотоодын судалгаагаар баталсан. Дээрээс нь маш богино хугацаанд шинжилгээний хариу гарна. Мөн үнийн хувьд PCR шинжилгээ авдаг бусад оношлуураас хямд.

Өөрөөр хэлбэл, Уг оношлуур нь цаг хугацаа, эдийн засгийн хувьд манай улсад давуу талыг бий болгож байна. 

Монгол Улсын Засгийн газрын захиалгаар АШУҮИС-ийн эрдэмтдийн боловсруулсан энэ оношлуурыг захиалгын дагуу хугацаанд нь үйлдвэрлээд нийлүүлж байна. Энэ бол эрүүл мэндийн салбарт оруулж буй маш том хувь нэмэр. Бүгдэд нь талархлаа" хэмээлээ.


Мэдээллийг дүрс бичлэгээр хүргэж байна.