Угаарын хийнд иргэд хордсон асуудалтай холбоотойгоор сайжруулсан "Сайн" түлш үйлдвэрлэж буй "Тавантолгой түлш" ХХК-иас өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тус компанийн гүйцэтгэх захирал М.Ганбаатар "Өнөөдөр үүсээд буй нөхцөл өмнөх жилүүдэд байсан уу гэвэл байсан. Олон хүн зөвшөөрөлгүйгээр нүүрс олборлох гэж амиа алддаг, олон мянган хүн нүүрсний хорт хийнд угаартдаг. Улаанбаатарын нэг сая 500 мянган хүн утаанд хорддог. Үүний эсрэг, хорт утааг үгүй болгох ажлыг хийж байна гэж бид бодож ажиллаж байна. 

Манай компани Монгол Улсын 2014 онд батласан стандартын дагуу үйл ажиллагаагаа явуулж ирсэн. Энэ стандарт 2019 онд шинэчлэгдэж, 20-30 хувиар чангарч батлагдсан. Тиймээс одоо уг түвшинд хүрч ажиллаж байна. 

Нийслэлчүүд агаарын бохирдлын эсрэг 40 жил шийдэл хайсан. Өнөөдөр энэ түлш хэрэглээнд гараад иргэд хэрэглэж байна. Үүнтэй холбоотойгоор маш их эрсдэл гарч байгаа ч бид даван туулах арга замыг зохион байгуулж ажиллах шаардлагатай. Технологийн горимоо нууж хаах зүйлгүй өнөөдөр энд ярина.

Энэ бол утааны эсрэг 30-40 жил ярьсан ажлын эхлэл. Маш их эсэргүүцэл байгаа. Иргэд технологи, хэрэглэж буй барьцалдуулагч зэрэгт эргэлзэх хэрэггүй. Гол нь галлагааны зөв горимыг мөрдөх хэрэгтэй.

Нөгөөтэйгүүр үндсэндээ орхичихсон байсан эрсдэл, тоохгүй байсан гэр хороололд өмнө нь байсан идээ бээр энэ түлшээр дамжиж гарч ирж байна. Угаарын хий гэж өмнө нь ярьдаг байсан ч хариуцах эзэн, байгууллага байгаагүй учраас мэдээ төдий хэлээд өнгөрдөг байсан. Өнөөдөр уг асуудлыг бүгд ярьж байна. Энэ бол сайн. Үүн дээр иргэдээ халамжилж, зөв галлагаа, зөв хэрэглээг нэвтрүүлэхэд, цаашлаад улаанбаатарчуудын эрх ашиг болсон утаатай тэмцэх эхлэл болж хэрэглээн дээр тусалж өгөхийг хүсэж байна. Дээрээс нь иргэдээ халамжилж өгөөч. Хэнэггүй, анзааргагүй байгаа иргэдэд анхааруулж, ойлгуулахад биднийг дэмжээч гэсэн л хүсэлт байна. 

Багануурын нүүрстэй сайжруулсан түлшийг жиших хэрэггүй. Өнгөрсөн жилүүдэд тус нүүрсэнд хотын утаа ямар байсан, хүмүүс яаж угаартсаныг иргэд мартаагүй байгаа. Тэгэхээр одоо бид Багануурын нүүрснээс 100 хувийн сайжруулсан түлшинд шилжиж буй хэрэглээгээр утаанаас салах бүрэн боломжтой гэдгийг иргэд ойлгохыг хүсэж байна" гэв.

Сайжруулсан түлшний талаар "Тавантолгой түлш" ХХК-ийн ерөнхий инженер "Түлшний технологи нь Монголын нүүрсний химичдийн 20 жилийн хөдөлмөрийн үр дүнд бий болсон технологи гэж үзэж болно. Бид тус компанийг байгуулагдсаны дараа шинэ технологио боловсруулаад ЭХЯ-ны Шинжлэх ухаан, техникийн хурлаар оруулж, орц, найрлагаа баталгаажуулж авсан. 

Үйлдвэрлэсний дараа хэрэглээний түлшийг Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороонд жил гаруй хугацаанд хийсэн. Үүний үр дүнд түлшний чанар найдвартай, баталгаатай байх үндэслэлүүд бүрдсэн. Тус түлшний талаар олон улсын магадлан итгэмжлэгдсэн 5-6 лабораторын дүн байна. Барьцалдуулагч нь эрдэнэшишийн цардуул, бентонит шавар гэсэн үндсэн хоёр бүтэцтэй" хэмээлээ.


Иргэд угаартсан асуудалтай холбоотой лабораторуудын дүгнэлтийг ЭНД дарж, Шадар сайдын байр суурийг ЭНД дарж, Нийслэлийн АН-ын бүлгийн байр суурийг ЭНД дарж уншина уу.