Peak.mn
10 сарын 24, 2023
Голомт банкнаас жижиг, дунд бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор 2 дахь жилдээ амжилттай хэрэгжүүлж буй “Менторшип-2023” хөтөлбөрт “Чингүүнбат” ХХК, “Топ Степ” ХХК, “Соёмбот Оргил” ХХК, “Абигэйл” ХХК, “Ээлтэй Ертөнц” ТББ, “Эдем” ХХК зэрэг байгууллага хамрагдаж буй билээ. Хөтөлбөрийн хүрээнд Голомт банк болон зөвлөх үйлчилгээний мэргэжилтнүүд сонгогдсон бизнесүүдтэй туршлага мэдлэгээ хуваалцан чиглүүлэхээс гадна байгууллагын менежментийг сайжруулахад чиглэсэн төрөл бүрийн сургалтуудыг хүргэсээр байна.
Үүний нэг нь Голомт банкнаас явуулсан “HR Day” хүний нөөцийн менежментийн арга хэмжээ юм. “HR Day” арга хэмжээгээр дамжуулан Голомт банкны мэргэжилтнүүд “Менторшип-2023” хөтөлбөрт шалгарсан байгууллагууд болон анкетаа ирүүлсэн зарим байгууллагуудад хүний нөөцийн удирдлагыг сайжруулахад чиглэсэн Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлийн өнөөгийн байдал болон ирээдүйн төлөв, Ажилтан төвтэй хүний нөөцийн бодлого, Менежерийн Т-ур чадвар, Технологи хүний нөөцийн амьдралд сэдвээр төрөл бүрийн илтгэл, бүлэг сургалтуудыг явууллаа.
Энэхүү арга хэмжээ нь хөтөлбөрийн хүрээнд үзүүлж буй стратегийн зөвлөгөөний нэг хэсэг бөгөөд тухайн байгууллагын тогтвортой үйл ажиллагаа, цаашдын өсөлт хөгжилд хамгийн чухал нөлөө үзүүлдэг ажиллах хүчний ур чадвар, бүтээмжийг нэмэгдүүлэхэд бодит дэмжлэг болох юм.
Цаашид Менторшип-2023 хөтөлбөрөөр дамжуулан сонгогдсон бизнесийн үйл ажиллагааны зорилт, төлөвлөгөөг шинэчлэх, борлуулалтын орлогыг нэмэгдүүлэхээс гадна шаардлагатай тохиолдолд санхүүгийн дэмжлэг үзүүлэхийг зорин богино хугацаанд бизнесээ оновчтой хөгжүүлэхэд нь чиглэсэн олон арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.