Ерөнхий сайд асан М.Энхсайхан өнөөдөр МУИС-ийн номын санд “Олон түмэн яагаад эдийн засгийн буруу бодлого сонгодог вэ?” сэдвээр лекц уншлаа. Тэрбээр иргэдэд эдийн засгийн болон улстөрийн боловсрол дутагдаж байна, тэгээгүй цагт популизмын харанхуй ангал руу унах ч аюултай гэсэн юм. Уншигч танд түүний лекцийг тоймлон хүргэж байна.


Хүн нийгмийн амьтан болохын тулд хэн нэгэнтэй эвсэж сонирхлын бүлэг болох шаардлагатай тулгардаг. Улс төрийн томхондуу хэлбэр нь нутгийн зөвлөл юм. Тухайлбал Увсын, Архангайн, Сэлэнгийн нутгийн зөвлөлийг цааш томруулаад үзвэл жалга довын сэтгэлгээг маш хүчтэй өрнүүлсэн байдаг. Үүнийг би буруутгахгүй, яагаад гэвэл овог аймаг болох сэтгэлгээ байгалийн өгөгдөл, жам ёсны үзэгдэл юм.

Харамсалтай нь энэ сэтгэлгээ улс төрийн намын ач холбогдлыг бууруулж, нам дамнасан МАНАН гэдэг үзэгдлийг бий болгох хөрс нь болчихжээ. Өнөөдөр Монголд улс төрийн нам гэхээсээ илүү нутгийн зөвлөл, бөх, уяач, хошин шог, СТА, мото спорт сонирхогчдын нэгдэл бий болчихлоо. Сүүлд нийгмийн сүлжээнд тавигдсан зургийг харвал туялзуур жадны овог аймгууд бас үүсэж байх шиг байна. Бүгдээрээ улс төрийн өнгө аястай учраас нэгтгээд улс төрийн овог аймаг гээд байгаа юм л даа. Хэрвээ Монголын түүхийг судлаад үзвэл монголчууд өөрсдийнхөө овог аймагт хамрагддаггүй хүмүүсийг жад гэдэг. Тийм учраас ч тэдэнтэй хатгалдаж байлдах ёстой гэсэн сэтгэлгээ давамгайлж иржээ. Үүнтэй холбоотой нэг жишээ татая л даа.

Монголын ардчилалаас суралцах зорилгоор Африкаас олон хүн ирдэг байлаа.

Биднээс “Та нар овог аймгийнхаа зөрчлийг яаж шийддэг вэ” гэж асууна. Тухайн үед бид овог аймаг бол 12-13 дугаар зууны үед байсан зүйл, монголчууд тэр үед асуудлаа шийдчихсэн гэж бардам, бахархалтай гэгчийн хариулт өгдөг байв. Гэтэл одоо бодох нь ээ хүний мөн чанар дахь овог аймгийн сэтгэлгээ, зөрчлийг яаж шийдэж байна вэ гэдгийг асууж тодруулжээ, тэд. Эргээд бодоход ичмээр хэрэг.  Монголд болж байгаа үзэгдэл ерөөсөө л энэ, овог аймгийн сэтгэлгээндээ баригдчихсан.


Овог аймгийн сэтгэлгээтэй болсон улс, нийгэмд том улс төр ярьж байгаа хүмүүс тэнэгдүү, сэтгэлгээний гажигтай харагддаг. 


Ардчилсан нийгмээр авч үзвэл, улс орны хөгжилтэй холбоотой аливаа зүйлд хялбархан шийд олох гэсэн эрмэлзэл давамгайлсан хэвээр байгааг популизм өөгшүүлж байна.

Жишээлбэл хүүхэд хүчирхийлсэн гэмт хэрэг гарлаа гэхэд шууд цаазаар авъя гэж хэлсэн популист улс төрчийн хариултыг хамгийн зөв шийдэл гэж хардаг. 

Амьдрал тааруу шалтгаанаар асуудалтайгаа тулгарахад баячуудын хөрөнгийг хураа гэсэн популист хариулт иргэдэд жигтэйхэн таалагдана. Яагаад бид бусад тэргүүний хөгжилтэй улсын иргэд шиг амьдарч болохгүй байна вэ гэж асуухад гадаадын хөрөнгө оруулагч нарт соруулж, мөлжүүлснээс л улбаатай гэдэг хариулт амархан хүрч таарна. Дээр нь түүхээ хальтхан сонсож мэдсэн хэсэг бүлэг хүмүүс гадныхныг хөөж туух хэнээрхэлд автдаг.

Мэдээж ийм сэтгэлгээтэй хүмүүс Монголын нийгэмд цөөнх л дөө. Харамсалтай нь бид цөөнхөд санаачилгаа өгөөд байна. Энэ чигээрээ тэр том төөрөгдөл харанхуй ангал руу Монголыг минь чирчих вий гэж санаа зовнидог.

Боловсрол нимгэн хүмүүс хөрш орноосоо хоосон айж эмээдэг, тэр нь бараг өвчин эмгэг болчихсон явдал бий. Хэн ч хөршөө сонгохгүй, хөршүүдтэйгээ найрсаг харилцдаг ч нөлөөлөлд нь автахгүй гэсэн болгоомжлол байх ёстой. Гэхдээ тэр бүр өвчин эмгэг болгосон болгоомжлол бол хий хоосон айдас хүйдэс юм. Энэ өвчнийг боловсролоор л эмчилнэ. Яг өнөөдөр Монгол ямар байна вэ гэж үү, популизм гээч оройн дээд очирваань л болчихоод байна. 


ПОПУЛИЗМ БОЛ ДЭНДҮҮ НИМГЭН ХӨРСТЭЙ ХИЙРХЭЛ

Популизм бол цэгцэрсэн үзэл баримтлал биш. Дэндүү нимгэн хөрстэй хийрхэл. Тиймдээ ч популистууд фашизмаас зарим үзэл санааг нь зээлддэг, цэргийн коммунизм байгуулах маягийн үйлдлүүд хийдэг. Харамсалтай нь энэ бүхэн Монголд ач тусаа өгөхгүй, ердөө түр зуурын л үзэгдэл. 

Популистууд бол худалчууд. Худлаа хэлэхдээ ерөөсөө ч сэтгэл нь өвдөхгүй. Худал хэрэг зохиож, хуурамч гэрчийн шууд зааснаар баривчлах жишиг тогтвол улс төрийн хэлмэгдүүлэлтийн шуурга дэгдэх ч аюултай. Энэ бол санаа зовох асуудал мөн.

Популизм бол өндөр өртөгтэй, асар буруу үр дагавартай. Тэр нь улс үндэстнийг хагалж бутаргах юм. Оспаныг казах түмний агуу баатар болгон өргөмжлөх нь улс үндэстнээ хагалан бутаргах зорилготой үйлдэл юм. Тэднийг тэнэг солиотой гэж зөвтгөж ерөөсөө ч болохгүй. Өнөөгийн популист удирдагчид үйлдэл, эс үйлдлээрээ улс нийгмийг хагалан бутаргах замыг нь засаж байна. Үүнийг би зориуд анхааруулж хэлье.

Хууль хяналтынхан ч гэсэн популистуудын гар хөл бололгүй, бие даасан байдлаа хадгалж чадвар Монголын ирээдүйд их тус болно. 


ЯАГААД ЗАХ ЗЭЭЛИЙН НИЙГЭМД СОНГОГЧИД БУРУУ СОНГОЛТ ХИЙДЭГ ВЭ?

Хүмүүс саналаа өгөхдөө буруу бодлого сонгодоггүй гэж ойлгодог. Харамсалтай нь амьдрал дээр тийм биш. Орчин үеийн төрийн үндсэн үүрэг нь эдийн засгийн бодлого байдаг. Зах зээлийн үл үзэгдэх гарыг жирийн хүн олж харж чадахгүй. Ялангуяа манайхан юмыг тэмрэхээс нааш өөрийн итгэл үнэмшил болгож чаддаггүй.  Тийм учраас зах зээлийн үл үзэгдэх гарыг мэдэрдэггүй нь зах зээлийн хуучинсаг үзэл баримтлал, буруу ойлголттой холбоотой.  

Ерөнхийдөө буруу сонголт хийж байгаа 3 төрлийн төөрөгдөл бий. 


  1. Гутранги үзэлд автах төөрөгдөл: Зах зээлийн нийгэм яагаад гутранги үзэлд автах хөрс болоод байна вэ гэж үү. Учир нь зах зээлийн нийгэм маш хурдтай өөрчлөлт шаарддаг. Тэр хурдтай өөрчлөлтөд дасан зохицож чадаагүй хүнд энэ нь бэрхшээл болж харагдана. Өрсөлдөөнөөс айн бас ялагдана. Том компаниуд хөгжиж буй нийгмийн давалгаа, хөгжлийн хурдыг урьдчилж харж чадахгүй бол бас л асуудалтай тулгарна. Нийгэмд болж буй тэр үзэгдэл, өөрчлөлт хурд хэмнэлд нь зохицож чадахгүй учраас эдийн засгаа, зах зээлээ дутуу үнэлнэ. Болж буй өөрчлөлтийг буруу өнцөгөөс нь олж харж, дургүйцэж ундууцаж өнөө л гутранги үзэл давамгайлдаг. Энэ байдал дээр нь нэмээд популистууд бүр ч хар зураг гаргаж харуулан хүмүүсийн өөдрөг үзлийг мохоодог аюул учирчихлаа. 

  2. Зах зээлд дургүйцэх төөрөгдөл: Манайх шиг социалист нийгэм байгуулж байсан улс. Тэр тусмаа хувийн хэвшлийн амин сүнс, ач холбогдлыг нь маш сайн ойлгох ёстой. Зах зээлийн амин сүнс бол үнэ эрэлт нийлүүлэлтийн тэнцвэр дээр тогтдог. Гэтэл үүнийг жирийн иргэд компаниуд үнэ ханшаа хөөрөгдөж байна гэж хардаг.  Цаана нь хувийн хэвшлийн компаниуд аливаа шинэ бизнес хийхийн тулд асар том эрсдэл үүрдэг юм. Эрсдэл үүрч буй тэр их хүчин зүтгэл талаар болж дампуурах нь ч бий. Харамсалтай нь иргэд үүнийг эсрэгээрээ хувийн хэвшлийн компаниуд гэнэт нэг өдөр өм цөм мөнгөтэй болчихсон юм шиг хардаг., тэднийг гадуурхдаг байдал руу түлхдэг. Энэ хандлага нь иргэдийн сонголтод сөргөөр нөлөөлж байна. Үнэн хэрэгтээ манай эдийн засаг хувийн хэвшлээ гадуурхаж хавчвал эдийн засаг маань маш хурдтай доройтно. 

  3. Гадаад хөрөнгө оруулалтыг дутуу үнэлдэг төөрөгдөл: Манай нөхцөлд хөрш Хятадаас айх айдас хүйдэс нь улам бүр лавшруулдаг. Хэвлэл дээр гарсан жишээгээр тайлбарлая л даа.

Оюутолгой хүрэх зам дагуух нэгэн дэлгүүрт сэтгүүлч орж л дээ. Наймаа арилжаа, амьдрал ахуй хэр байгааг нь дэлгүүрийн эзэн бүсгүйгээс асууж тодруулахад “Бид байгалийн баялгаа гадныхан алдаад маш хэцүү байна” гэжээ. Дараа нь сэтгүүлч гэхдээ та сардаа хэдэн удаа бараа татчихаж байгаа биз дээ гэж асуухад “Юу ярина, хоёр долоо хоногт шаланзаар бараагаа татахгүй бол хүрэхгүй” гэж хариулсан байгаа юм. Тэгэхээр хүмүүс юунаас худалдан авах чадвар бүрдэж байна вэ гэдгийг ухаж ойлгох сэтгэлгээ тэнд лав алга. Энэ буруу ойлголт системлэг чанартай. Тийм ч учраас үүнийхээ дагуу буруу бодлогын сонголт хийдэг. 

Та бүхэн өөрийнхөө тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүнийг таних уу, таны төлөө юу хийж байгааг мэдэх үү?

Хэрэв тэднийг танихгүй, юу хийж байгааг нь мэдэхгүй байгаа бол ЖДҮ сангийн хулгайг бий болгож, хээл хахуулийг дэмжигчид болсноос өөрцгүй. Сонгуульд саналаа өгөхдөө улс орны том асуудал, том бодлогын талаар бодож эргэцүүлж дүгнэж үздэггүй. Зөвхөн өөрийнхөө төлөө л саналаа хийдэг. Эцэст нь тэр бүх санал нэгдээд нийлбэр дүнгээрээ нийтийн эрх ашгийг хохироох үйлдэл болж хувираад байна. 


ЮУ ХИЙХ ЁСТОЙ ВЭ?

Юуны өмнө популизмыг буруушаах хэрэгтэй. Сонгогчдын боловсролыг дээшлүүлэх асуудал тэргүүн зэргийн асуудал болчихлоо. Магадгүй их дээд сургуулиудад улс төрийн эдийн засаг хичээл орвол бэлтгэгдэж байгаа боловсон хүчнүүд ойлголтоо цэгцлэх байх.

Намууд ч бас үзэл баримтлалдаа анхаарч, улс төрийг зах зээлтэй нь номлодог байдал руу шилжих хэрэгтэй. Монголын нийгмийн уншдаг, аливааг ухаж ойлгодог хэсэг хүмүүс бидэнд дэмжиж байгаа шүү гэдэг юм. Бид баярлалаа гэхээс өөр юу гэх билээ, үнэндээ сонгогчдын олонх болж үнэт зүйл маань Монголыг өөрчлөх сонголт болох хэрэгтэй байна.