Х.Оргил
04 сарын 03, 2018
АТГ-т байцаагдаж буй М.Энхсайханы илгээсэн захидлыг хүргэж байна.
Монгол Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан Танаа
Юуны өмнө хууль сахиулах байгууллагууд, ажилтнууд улс төрийн хүндхэн нөхцөлд ажиллаж байгаа гэдгийг хүлээн зөвшөөрөхийн сацуу хэсэг бүлэг хүмүүс тэднийг улс төрийн өрсөлдөгчөө “намнах” хэрэгсэл болгочих вий гэсэн битүүхэн болгоомжлолтой явдагаа хэлэхийг хүсч байна.
Ийм болгоомжлол төрүүлэхүйц үйл явдал өнгөрсөн долоо хоногт надтай тохиосон юм. Болсон явдлыг ил захидал хэлбэрээр бичих нь нийтийн эрх ашгийг урьтал болгож олон нийтэд бодит мэдээлэл хүргэх гэсэн хэрэг юм. Үйл явдлыг зураглая.
Нийслэлийн прокурор Д.Ширэндэвийн мэдэгдэх хуудас нь хэрэг мөрдөн байцаах үүрэг бүхий АТГ-тайгаа уялдаа холбоогүй хийгдэж байгаагаас харахад уг шийдвэрт улс төрийн нөлөөлөл орсон юм боловуу гэсэн миний болгоомжлолыг лавшруулав.
Ер нь нь АНУ, Англи, Европын зарим орнуудад суугаа элчин сайдуудтай холбоотой элдэв хоосон улс төржилт нь хувь хүмүүс, намуудын зөрчил мэт харагдавч үнэндээ Монгол Улсаас гуравдагч хөрш гэж нэрлэгддэг Олон улсын хамтын нийгэмлэгтэй тогтоосон олон талт харилцааны түвшинг алдагдуулах, харилцан итгэлцлийг бууруулах бодлого гэж ойлгогдож , Монгол Улсын эрх ашигт хортой үр дагавар дагуулах аюултай.
Өөрт тохиолдсон явдлаас харахад АТГ өөрт ногдсон үүрэгт ажлаа хийх гэж эрмэлздэг, харин тэднийг дээрээс нь улс төржүүлэх гэж оролдоод байна уу даа гэсэн сэтгэгдэл төрөв. Ийм нөхцөлд авилгатай хийх тэмцэл үр дүн муутай байх нь ойлгомжтой.
Ерөнхий прокурор Таныг Монгол улсын хууль тогтоомжийн дагуу прокурорууд нь хараат бус, бодит байх, төрийн бусад байгууллагынхаа ажилд саад учруулахгүй зохицож ажилладаг байх, хуулиар олгосон эрх мэдлээ улс төрийн зорилгоор ашиглахгүй байх нөхцлийг бий болгох талаар нэмэлт арга хэмжээ авч ажиллахыг хүсье.
Таныг хүндэтгэсэн,
Шведийн Вант Улсад суугаа Монгол Улсын элчин сайд М.Энхсайхан
2018 оны 4 дүгээр сарын 3.

Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.