М.Дашням: Олондоо тус дэмтэй явахыг хүн шиг амьдарна гэдэг юм болов уу

Хэнтий аймгийн Баян-Овоо сум. Таван сарын дундуур очиход дөнгөж зуны урь орж байв. Усны шувууд ирж, хангай дэлхий ногоон өнгөө засаж эхэлжээ. Салхи хуйсагнах ч чийг үнэртэх нь таатай. "Ирж байгаа цаг ийм сайхан даа" гээд яралзтал инээн уулзсан түүнийг М.Дашням гэдэг. Тэрбээр уугуул нутагтаа малаа маллаж, малчин өв соёлоо, байгалиа хамгаалах өвгөдийн ухаанаа тээж яваа нэгэн. "Өвгөдийн минь л буян шүү дээ", "Болно доо", " Түмэндээ тустай л явъя", "Дэм дэмэндээ шүү дээ", "Хангай дэлхийгээ хайрлаж хүндэтгэж явахад болдог л юм" гэх дулаахан үгс түүнийг илэрхийлэх мэт. Дөнгөж хорин хэдтэй идэр малчин, идэвхтэн байгаль хамгаалагч М.Дашнямын яриа танд олон зүйлийг бодогдуулна гэж найдаж байна.

Хэдэн малаа санаад замын унаанд дайгдаад харьчихсан

Хөдөө амьдрах ямар сайхан гээч. Нар дээр хөөрөөд, байгаль хангай өмнө тодроод л, эрт босно, морио барина, малаа бэлчээнэ. Өдөржин малаа хариулж явахдаа хангай дэлхийгээ ажиглана. Бүх зүйл өөрийн тааваар, амар амгалан амьдрал гэж энэ юм даа. 

Мэдээж хэцүү бэрх зүйл гаралгүй яах вэ. Гэхдээ хөл гар хөдөлж байгаа цагт ард нь гарна шүү дээ. Эмээ өвөө, эцэг дээдэс маань ч гэсэн ингэж л зүтгэж ирсэн түүхтэй.

Уг нь би гэдэг хүн номын мөр хөөхөөр эгчийгээ дагаж хот явсан ухаантай. Тухайн үед найзалж нөхөрлөсөн хүмүүс ч сэтгэлд нэг л нийцгүй, би ч малаа санаад хотод идээших янзгүй. Ингэж байтал нутгийн ах утсаар яриад "Баян-Овоо руу явах уу?" гэдэг юм даа. Уухайн тас гарна биз дээ, ингэж хэдэн адуу, малынхаа барааг хараад санаа амарсан даа. Хотод хоёр сар л сурсан болов уу. Тэр үед "Аав, ээжийнхээ хөдөлмөрөөр эрдэм ном сураад эргээд яг хэргээ гаргах уу, ингэж байхаар хөдөө гэртээ харья, аав ээждээ туслая" гэсэн бодолдоо хөтлөгдсөн.

Тэгээд ч би хотын хүн биш юм билээ. Зүг зүгээ харан урагшилж буй жуман олон дунд ч дасаагүй. Морины нуруун дээр хийсэж өссөн хүн чинь хөдөөгөө л санаад байдаг юм билээ. 

Хэдэн тарвага маань намайг андахгүй 

Үнэнийг хэлэхэд, энэ хавьд тарвага дөнгөж өсөж эхэлж байгаа учраас тарваганд “ширүүн” шүү дээ. Хэдэн хулгар шарыг маань тэрүүгээр гүйлдхийг хараад хорхойсохгүй хүн ч алга. Нуугаад яахав. /Инээв/Тийм болохоор машин зогсонгуут давхиад очдог юм. Би гэдэг хүн тийм сонирхолгүй юм шиг байгаа юм. Амьд байж л байг л дээ гэж боддог.

Анх манай хойно ганц тарвага байсан юм. Ээж бид хоёр өсчихөөсэй гээд хоёр жил хүлээсэн. Азаар манай баруун тийшээ нутагшуулсан тарвагануудаас нэг нь наашаа орж ирээд өсөж үржсээр одоо арав гаруй болчихсон гүйлдэж байн.

Энэ хэдийгээ харахаар хэдэн малаа харсан юм шиг баярлаж хөөрдөг. Сүүлдээ энэ хэд маань ч надад дасчихсан бололтой. Морьтой яваад өнгөрөхөөр хэсэг азнаж байгаад л нүхнээсээ гараад ирдэг. Ёстой хөөрхөн.



Тарвага их ухаантай амьтан юм билээ. Идэш тэжээлээ хадгалдаг, унтдаг, бие засдаг нүх нь хүртэл тусдаа. Нүхнүүд нь газар доогуураа хоорондоо холбоотой гэхээр их л нарийн зохион байгуулалттай байгаа биз. Нөгөө талаараа буянтай ч амьтан. Тэр ухсан нүхэнд нь туулай зэрэг амьтад орж өвөлждөг. Тэр олон нүх газарт ус чийг хуримтлуулдаг тустай.Тал хээрийг тэр тус тэтгэж шимжүүлдэг юм.

Хавар хониндоо явах замдаа тарваганыхаа нүхийг байнга эргэнэ. Ичсэн хэдээ эргэж байгаа л хэрэг. Нэг удаа очтол шинэ баас байхаар нь гарч ирж дээ гээд бөөн баяр болсон. Хэд хоногийн дараа очтол шинэ нүх ухчихсан, шороогоо булгалчихсан байсан. Ичээнээсээ гарсан тарвага үүрээ янзалж байгаа нь тэр. Гараад ирэхээр нь хуучны танилтайгаа уулзсан шиг л сайхан санагддаг.


Тарвага өвөл ямар болохыг хүртэл андахгүй. Анхны цаснаар тарвага ичихгүй байгаа бол сайхан өвөл болох нь баараагүй. Ичээгээ шороогоор хөнгөхөн бөглөсөн байвал өнтэй өвөл болдог. Харин нүхээ чулуугаар бөглөчихвөл хатуу өвөл болохын шинж. Надад "Дашням аа өвөлдөө өөдтэйхэн бэлд" гэж энэ хэд маань хэлээд байгаа хэрэг. Өвөө эмээ маань ингэж хэлдэг л байсан, яг л таардаг гэхээр байгаль их зүйлийг бидэнд хэлдэг байгаа биз. 

Хулгайн анчдаас хоцорч очих хамгийн харамсалтай

Идэвхтэн байгаль хамгаалагч болсноос хойш малаа хариулахаас гадна зээр, тарвага, шувуу, ургамлаа ажиглаж сурч байна. Хэрэндээ л судлаач болж байна.

Морьтой явж байгаад зээр таарвал зургийг нь дарна. Смарт утсандаа координатыг нь оруулаад явуулчихдаг. Тэгэхээр аль цэг дээр ямар амьтан ажиглагдсан нь бүгд бүртгэгддэг. Миний хэдэн удаа эргүүл хийсэн, юу ажигласан нь хүртэл гарч ирнэ.


Энэ ажлын сайхан нь байгалиа улам их мэддэг болж байна. Ямар ургамал, аль бэлчээр сэргэж байна, хаана малаа бэлчээх вэ гэдгийг анзаардаг болжээ.

Хүмүүс байгаль хамгаална гэхээр хэцүү ажил гэж ойлгодог. Уг нь хүн бүрийн хийж чаддаг ажил. Ургаа модоо тайрахгүй байх, булаг шандаа бохирдуулахгүй байх, хаа явсан газартаа нутгаа өөриймсөг сэтгэлээр хайрлахыг л хэлж байгаа хэрэг. 

Манай нутагт намар болохоор цагаан зээр олноороо нутагладаг. Тэр үеэр хулгайн анчид ч олширно.

Заримдаа холоос буун дуу сонсонгуут давхиад очиход оройтчихсон байдаг. Хулгайн анчид нь аль хэдийн явчихсан, газар дээр нь арьс, толгой, гэдэс л үлдсэнийг харах хамгийн хэцүү.

"Хэдхэн минутын өмнө ирсэн бол..." гэж бодоод л хэрэндээ шанална.

Тийм болохоор машин зогсох бүрд анзаарна, дуранддаг. Танихгүй хүн явж байвал хаашаа, ямар ажлаар явж байгааг нь асууж тодруулдаг. Зарим нь дургүйцдэг л юм. Нутгийн бид болохоор зэрлэг амьтан битгий хэл уургын модоо хүртэл өөр газраас худалдаж авдаг юм шүү дээ.

Аав минь түмэндээ тустай яваарай гэж захисан юм

Манай энэ хавийн арваад айл их эвтэй. Хадлангаа хамт авна. Хонь ноослох болохоор бүгдээрээ очиж тусална.  Цагаан идээгээ хамт бэлдээд үзэсгэлэн худалдаанд гаргадаг сайхан улс бий.  ТNC байгууллагынхаа буянаар дундаа бас амралтын газартай. Тэр амралтын газраасаа олсон орлогоо байгаль хамгаалах ажилд зарцуулдаг юм. Бас булаг шандын эхийг хамгаалдаг гээд бидэнд хамтын ажил, тус дэм их бий.

Өнгөрсөн жил гэхэд айл гал алдаад бид гэрээ түймэрт шатаалгачихсан. Хамгийн түрүүнд малаа авч үлдэхийг бодсон. Энэ хэдэн мал гэдэг зөвхөн өнөөдрийн амьдрал биш, аав, ээж, өвөө, эмээгийн минь олон жилийн хөдөлмөр байдаг хойно. Энэ хэцүүг олон түмнийхээ тусаар туулж гарсан даа. Олон түмний өгсөн нь оршиж юм болдог юм билээ. 

Би ч гэсэн орж гарсан нэгэндээ боломжоороо мал зүслээд өгчихдөг. Аав маань ч “Миний хүү бүхнийг ганцаараа хэрэглэх биш, хуваалцаж яв, түмэнтэй яв” гэдэг хүн байсан юм. 

Заримдаа боломжгүй үе таарвал бас хэлнэ. Ер нь хүнд дэмтэй явах шиг сайхан зүйл үгүй дээ. Хангай дэлхий хүртэл өгөө аваатай. Түймэр гарахын өмнөх жил зуд болоод мал үхээд л байлаа. Тэгсэн чинь ээж “Хангай дэлхий авах юмаа аваг, үлдэх нь үлдэг” гэж билээ. Нээрээ л үлдэж л байгаа юм даа. Үлдсэн хэд маань ч сайхан өссөн. Малын буян хишиг гэж барагдашгүй юм. 

Миний хүсдэг зүйл нэг их том биш ээ. Энэ сайхан нутгаа, малчин ахуй, өв соёлоо үр хүүхдэдээ өвлүүлэн үлдээхсэн гэж боддог. 

Нутгийнхаа нэрийг сайн малчин, сайн байгаль хамгаалагчийн ажлаар гаргаж явбал тэр л надад хамгийн том бахархал.

Малын буян гэдэг тоонд биш, арчилгаанд байдаг

Гэргийг минь Б.Туул гэдэг. Төв аймгийн Баян сумынх. Хотод амьдрахгүй, хамтдаа мал маллая гэж шийдээд нутагтаа үлдсэн хоёр л бид.

Манайх 200 гаруй ямаатай. Хонио илүү өсгөхийг боддог. Өвөө эмээ маань ч "Олон ямаа дэмий. Хонин сүрэгтэй айл л өгөөжөө хүртдэг" гэж ярьдаг байсан. Энэ үг ч үнэхээр үнэн юм билээ.

Хэдэн жилийн өмнө нутгийн ах хүү 1000 гаруй ямаатай ирж буусан юм. Гэтэл бэлчээр цайгаад, нуур ширгээд, шороогоор эргэсэн. Аргагүй их малын хөл гэдэг ийм л айхтар байдгийг нүдээрээ харсан. Тэр хүн өөрөө ч мэдрээд нүүгээд явсан юм. Өвгөд маань мэдээд л үүнийг захиж байжээ.

Ер нь хонины мах, арьс шир, ноос гээд ашиг шим нь өөр. Тийм болохоор байгаа хэдэн малаа чанартай өсгөхийг л боддог.  

Малынхаа арьс ширийг хаяхгүй. Үхрийн ширээр сур хийж, хазаар, чөдөр урлана. Адууны дэл, сүүлээр дээс томно. Мал гэдэг үнэхээр хаягдалгүй буянтай амьтан хойно.

Холбоотой сэдвүүд

малчин нөхөрлөл

Сэтгэгдэл бичих (4)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.