Б.Баясгалан
07 сарын 01, 2020
МАН-ын Бага хурал өнөөдөр хуралдаж, хуралдаанд оролцсон Бага хурлын гишүүдийн 100 хувийн саналаар Монгол Улсын Ерөнхий сайдад У.Хүрэлсүхийг нэр дэвшүүлэхээр шийдвэрлэжээ.
Энэ талаар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан "МАН-ын Бага хурлын өнөөдрийн хуралдаанаар бид Монгол Улсын 31 дэх Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх үйл ажиллагааг зохион байгууллаа. Монголын ард түмэн УИХ-ын 2020 оны сонгуулиар МАН-ын дарга У.Хүрэлсүхийг багаар нь сонгосон. Энэ хүндтэй сонголтыг өнөөдөр МАН-ын Бага хурал баталгаажуулж, Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх тогтоолыг хэлэлцэж баталлаа. ]Монголынхоо нийт ард түмэнд МАН-ын дарга, нийт гишүүдийн өмнөөс талархаж буйгаа дахин илэрхийлж байна.
МАН-ын хувьд ялалт гэхээсээ илүү маш өндөр хариуцлага ирлээ гэж үзэж байна. Бид өнөөдрөөс эхлэн ажлаа шуурхайлна. Шударга ёсыг тогтоох, төрийн албаны хүнд суртлыг арилгах, нийгэмд тулгамдаж буй бусад олон асуудлыг шийдвэрлэх, эдийн засгийн хүндрэлийг даван туулах гэх мэт олон ажил бидний өмнө байна" хэмээлээ.
Мөн тэрээр "Монгол Улсын Үндсэн хуултд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу УИХ-ын 4 хүртэлх гишүүн Засгийн газрын гишүүн болох боломжтой. Энэ хүрээнд Үндсэн хуулиа дээдэлж, Засгийн газраа байгуулж ажиллана. МАН өнгөрсөн 4 жилийн хугацаанд Засгийн эрхийг барьж байсан учир ирэх 4 жил илүү тогтвор суурьшилтай, төрийн албаны тогтворой байдлыг хангасан зарчмыг хэрэгжүүлж ажиллана" гэв.
Ерөнхий сайдын нэрийг өнөөдөр Ерөнхийлөгчид өргөн мэдүүлнэ. Улмаар Ерөнхийлөгчтэй зөвшилцөж, УИХ-аар хэлэлцээд Ерөнхий сайдаар томилох эсэхийг батална. Дараа нь Ерөнхий сайд Засгий газрын бүтцэд тодорхой өөрчлөлтүүдийг оруулж, сайд нараа томилох аж.
д.амарбаясгалан ерөнхийсайд ман ман-ын бага хурал ман2020 у.хүрэлсүх
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.