Төрийн албан хаагч нар албаны машиныг аминдаа ашигладаг, хүүхдээ сургуульд нь зөөдөг тухай асуудал шуугиан тариад буй. Уг асуудлаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ сэтгүүлчдэд хариулт өглөө.


Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ: 

Албаны балаар хувийн зүйл бичиж болохгүй гэсэн ёс зүйн зарчим бий. Ингэж хэлэхээр сүржигнэж байгаа юм шиг сонсогдох байх. Энэ бол зөвхөн балны асуудал биш тухайн төрийн албан хаагчийн албандаа үйлчилж байна гэсэн итгэл үнэмшил юм. Олон нийтийн албанд үйлчилнэ гэдэг татвар төлөгчдийн мөнгөөр үйлчилж байна гэсэн үг. Тиймээс хувь хувьсгал хоёрын заагаа ялгаж сурах ёстой. Ийм бүдүүлэг соёлоос гарах цаг нь болсон. Манайд ийм протоколгүй явж иржээ. Иймээс бид 11 улсыг судалж харьцуулан өнөөгийн хөрсөнд тохирсон журмыг батлаж хуульчилахаар болсон. Энэ журамд албаны машинаар хувийн ажил амжуулж болохгүй, албаны машиныг амралтын өдөр ажлын бус журмаар унахыг хориглоно гэсэн заалт орно. 

Миний хуулийн газрын дарга н.Мягмар гэж хүн албаны машинаар хүүхдээ хүргэж өгсөн асуудлаар хуралдаж сануулга өгсөн. Одоогоор энэ заалт журамлагдаагүй учраас ажлаас халах ёсгүй.

Мөн УИХ-ын гишүүд казино тоглож байгаа асуудал бий. Улс төрийн албан тушаалтныг Засгийн газар хянаж чадахгүй, хууль нь ийм. Бид төрийн захиргаагаа хянаж чадна. ЦЕГ-т казино тоглосон гишүүдийн асуудал явж байгаа. Журам гарснаас хойш казино тоглосон 12 тохиолдол бүртгэгдсэн. Нэр нь одоогоор нууц. Тэдний хоёр нь баримтаар нотлогдсон учраас ажлаас нь чөлөөлсөн. Иргэдээс маш их мэдээлэл ирж байна. Голдуу Солонгос, Макоо, Минкс зэрэг газруудад мөрийтэй тоглож байгаа нь үнэн. Албаны машинаар хүүхдээ зөөсөн асуудлыг удахгүй Засгийн газрын хурлаар орж журамлагдана. Тэр үед битгий гоншигноорой гэж хэлье. Дарга сайд хэн ч бай хувь хувьсгалаа ялгаж сурах ёстой, ингэж байж иргэдтэйгээ ёс зүйн хариуцлага ярина. 

Нэгэнт хөндөгдсөн учраас энэ асуудлаар УИХ-ын ёс зүйн хороо хуралдаж УИХ-ын гишүүн мөрийтэй тоглохыг хориглох тухай хуулийг парламентаар батлуулах ёстой. Ингэснээр хяналтад орж чадна. Үнэндээ албаны машинаар хүүхдээ өгч байгаа асуудал бол бараг соёл болчихсон зүйл шүү дээ. Сая л баригдсан болохоос, сүүлийн 20 гаруй жил байсан зүйл. Нэгэнт хөндөгдсөн учраас хариуцлага тооцох журмыг маш тодорхой болгох ёстой. Ийм байдлаар урагшилна.