Нийгэмд болж буй зарим үйл явдал, тэр дундаа хүүхдийн тухай мэдээлж, сурвалжлах нь хүүхдэд, ялгаварлан гадуурхалт, заналхийлэлд өртөх, сэтгэл зүйн дарамтад орох, амь насаа егүүтгэх сэдэл төрүүлэх гэх мэт сөргөөр нөлөөлөх тохиолдол бий. Тиймээс “Хэвлэл мэдээлэл ба хүүхэд хамгаалал” сэдэвт салбар дундын хэлэлцүүлэг арваннэгдүгээр дүгээр сарын 9-ний өдөр болж, Хэвлэл мэдээллийн зөвлөлийн төлөөллүүд оролцов

Тус хэлэлцүүлэгт Хэвлэл мэдээллийн зөвлөлийн ёс зүйн хорооны гишүүн, Peak.mn сайтын эрхлэгч Ц.Цэрэндолгор “Хүүхдийн асуудлыг сурвалжлах арга зүй” сэдвээр илтгэл танилцуулав. Тэрээр редакцууд олон улсын зарчим, ёс зүйн кодоос суралцах, хүүхдийн асуудлыг сурвалжлах арга зүйгээ тодорхой болгох, мэргэжлийн ёс зүйн зарчим баримтлан ажиллах шаардлагатайг дүгнэж хэллээ.

 

 

Түүнчлэн ХМЗ-ийн гүйцэтгэх захирал Г.Гүнжидмаа “Хэвлэл мэдээллийн салбарт хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлэхэд тулгамдаж  буй асуудал” сэдэвт салбар хэлэлцүүлэгт оролцлоо. Хүүхэд хамгааллын асуудалд салбарын бүхий л байгууллагууд ёс зүйтэй ажиллах нь чухал болохыг нийт оролцогчид тодотгож байлаа. 

 

 

Хэлэлцүүлгийн үр дүнд цахим орчин, хэвлэл мэдээллийн салбарт хүүхдийн эрхийг хангахтай холбоотой хууль тогтоомжийн хэрэгжилтийн өнөөгийн нөхцөл байдлыг дүгнэж, хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлэхэд тулгамдаж буй асуудал,  салбар дундын оролцоо, хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, эрх зүйн орчныг сайжруулах, хяналтын тогтолцоог боловсронгуй болгох гарц, шийдлийн талаар оролцогч талууд санал солилцож дэвшүүлсэн санал, дүгнэлтэд үндэслэн зөвлөмж боловсруулж холбогдох төрийн захиргааны, хууль сахиулах байгууллагууд болон хэвлэл мэдээллийн байгууллагуудад хүргүүлэхээр шийдвэрлэсэн байна.

 

Энэхүү хэлэлцүүлгээр “НҮБ-ын Хүүхдийн эрхийн хорооноос Монгол Улсад өгсөн зөвлөмж, түүний хэрэгжилт”, “Телевизийн контентын эрх зүйн зохицуулалтад хийсэн мониторинг судалгаа", “Гэмт хэрэг, зөрчлийн талаар мэдээлэхэд анхаарах асуудал”, “Хүүхдийн асуудлыг сурвалжлах арга зүй”, “Хүүхдийн аюулгүй байдал ба хэвлэл мэдээллийн суурь боловсрол” сэдвээр илтгэгчид мэдээлэл хүргэж, хэвлэл мэдээлэл ба хүүхэд хоорондын асуудлаар ажиллахдаа салбар бүр мэргэжлийн ёс зүйгээ баримтлах нь чухал байгааг хэлэлцлээ.

 

*Дашрамд дурдахад, НҮБ-ын Хүүхдийн сан, Европын сэтгүүлчдийн холбоотой хамтран хүүхэдтэй холбоотой асуудлыг хэрхэн сурвалжлах талаар сэтгүүлчдэд зориулан нийтлэлийн зарчмуудыг боловсруулан гаргасан байдаг. Энэхүү зарчим нь ёс зүйтэй сэтгүүлчдийг дэмжих зорилготой бөгөөд үргэлж хүүхдийн нэр төр, эрхийг хүндэтгэж, хүүхдийн нэрээ нууцлах, санаа бодлоо илэрхийлэх, хамгаалуулах эрхийг хүндэтгэхийг уриалсан байна.