Пүрэвтүвшингийн Хүслэнтуяа
05 сарын 24, 2025
Шувууны Жагаа хэмээн шувуу судлаачид, гэрэл зурагчдын танил болсон Л.Жаргалсайхан хэмээх эрхмийг бид "SDG17" буландаа урилаа.
Гадаад харилцааны мэргэжилтэй тэрээр олон жил Гадаад харилцааны яаманд, сүүлийн 20-иод уул уурхайн компанид ажиллажээ. Хожуу шувуудтай “нөхөрлөсөн” түүнтэй шувуугаар дамжуулан хэрхэн хүүхдэд байгалийг таниулах талаар ярилцав.
Тэрбээр "Шувууны зураг авна гэдэг стресс тайлахаас гадна мэдлэг боловсролоо ч дээшлүүлэх, танин мэдэхүйгээ тэлэх боломж" хэмээн онцлон хэлж байна.
Хэрвээ ой мод, нууранд ямар нэгэн чимээ авиагүй, амьд амьтан байхгүй бол уйтгартай биз дээ
Манайхан сүүлийн үед ууланд алхаж, аялдаг болжээ. Соёлтой хэсэг нь байхад муухай орилж хашгирч, дуу чимээ ихтэй явдаг нь ч цөөнгүй. Миний бодлоор зэрлэг амьтан, шувуудыг хамгаална гэдэг тэр амьтны амьдрах орчин руу дайрч орохгүй, тодорхой зайнаас харж, өөртөө таашаал аваад, сайхан амраад, баясаад явах гэж боддог.
Хамгийн товчоор амьтныг хайрлана, хамгаална гэдэг бол хэтэрхий битгий ойрт л гэсэн үг.
Тогорууны өндгөн дээр сүүдэр бүү тусга гэдэг үг бий. Тэр амьтанд сүүдэр тусах хэмжээнд хүртэл битгий ойрт гэсэн үг юм.
Хүн, чоно хоёрыг хэрээ, чоно, үнэг зэрэг бүтэлгүй юмнууд дандаа дагаж явдаг байхгүй юү. /инээв/ Хээр нэг зогсоход хэрээ, шаазгай, харанхуй болоход хярс, үнэг гээд бүх махчин амьтад цугладаг. Шувууны үүр рүү яваад очно гэдэг чи тэдгээр махчдад замыг нь заагаад, үнэрээ гаргаж өгдөг гэсэн үг.
Шувуу зургийг нь авахад сонирхолтой амьтан. Үр төлөө гайхалтай хамгаалж чаддаг. Миний мэдэхээр 5-6 арга хэрэглэдэг. Хэрвээ тогорууны дэгдээхэйг тусгаарлачихвал авах гэж янз бүрээр үзнэ.
Эхлээд нисч тойроод чанга дуугардаг. Болохгүй бол далавчаа чирээд мөлхөж жүжиглэнэ. Тэр нь шархадсэн дүр эсгэж байгаа хэрэг. Араатан амьтад ийм үед шууд түүн рүү дайрч таарна.
Тэгээд ойртох гэвэл жаахан холдож ниссээр дайснаа холдуулдаг. Эсвэл бүх өдөө өрвийлгөөд үнэгэн шогшоогоор явна. Энэ нь бас л дэгдээхэйнээсээ амьтныг холдуулж анхаарлыг нь сарниулж байгаа хэлбэр. Эсвэл далавчаа дэлгэж том болгоод айлгах гээд янз бүрийн арга заль хэрэглэдэг.
Видео үзэх:
Хүүхдүүдэд зориулж амьтан, шувуудыг тайлбарлаж, таниулдаг хичээл заана
Шувуу сонирхож судладаг хүн бүр судлаач болох албагүй. Гол нь байгальдаа хайртай хүн болдог юм билээ. Шувуу судалдаг хүн ядаж дээшээ хардаг байхгүй юу. Хотын төвд шувуу харагдахгүй л гэдэг. Сайн ажиглаад харвал олон шувуу бий дээ.
Бид байгаль, амьтны талаарх мэдлэгийг балчир үедээ бат сайн суулгаж авдаг. Том болоод 20, 30 нас хүрсэн хүн хойноо өөрөө харж ажиглахаас илүү бусдын мэдээлэлд автаж, тэрийгээ давтаж ярьдаг.Тэр хүмүүс 10, 20 жилийн дараа байгаль орчноо хамгаална гэдэг үлгэр. Хүн мэдэхгүй, танихгүй зүйлээ хайрлахгүй. Аль болох надаас л хол байг гэж ханддаг шүү дээ.
Хүүхэд байхдаа бид болжмор, тагтааг түмпэнгээр бариад, алдаад л харьцаж байгаа юм. Хүүхэд бол заавал хүрч үзэж, орчинтойгоо танилцдаг. Тэр орчин одоо байхгүй болсоор, бид өөрсдөө ч байгалиасаа холдсооор байгаад харамсдаг.
Монголчууд урин дулаан, зуны цагаар их аялдаг болж. Тэдэнд зориулж замдаа таарсан амьтан, шувуудыг тайлбарлаж, таниулдаг хүүхдэд зориулсан хичээл заах гэж байгаа юм. 5-10-хан минутад хэдхэн өгүүлбэрийг ойлгомжтой хэлэхэд хүүхэд шууд хүлээж авна.
Тагтаа, хэрээнээс эхлэн тайлбарлахад, тэр шувуудтай яаж харьцах вэ гэдгээ мэддэг болно.
Хүүхэд танихгүй амьтан учир бусад зэрлэг амьтадтай адилаар хүлээж авч, эхэндээ айдаг. Айсандаа хөөж, тууж, үргээх гэдэг. Энэ тийм шувуу, ойртвол айна. Тагтаа үр иддэг, том хошуутай гэх мэтээр маш энгийнээр хэлээд өгнө.
Бага насны хүүхдүүдэд зориулсан “Нугасны муухай дэгдээхэй” зэрэг номууд байна. Уншуулах гэж шахах хэрэг байхгүй шүү дээ. Өөрөө уншиж байгаад буйдан дээрээ орхиод яваад өг. Хүүхэд ирээд тэрийг чинь заавал уншдаг.
Амьтдыг тайван зөнд нь байлгаад өөрийнх ааш аягийг харахад сонирхолтой
Би 14, 15 жил шувуу, амьтадтай хөөцөлдөж хээрээр их явлаа. Хамгийн сонирхолтой юм бол амьтныг тайван зөнд нь байлгаад өөрийнх ааш аягийг харах гоё. Зан авир, хөдөлгөөн, хурим найрынх нь бүжиг, эмэгчингээ дуудах гэж ямар ааш аяг гаргахыг нь ажиглах дуртай.
Шувуу өдөө их цэвэрлэнэ. Гэзэгтэй бол тэрийгээ сэгсэрнэ, гайхуулна шүү дээ. Тэр бүхэн чинь улам сонирхолтой болно.
Яг хүн шиг, бид нар шиг амгалан тайван орчинд нь байлгавал тэр амьтны хамгийн сонирхолтой, дурсамжтай мөчийг, хөдөлгөөнийг харж, дуу авиаг сонсож болно. Ирээд тэр талаар уншина, улам сонирхоно.
Тэр амьтны тухай мэддэг, ажигласан, харсан зүйл нэмэгдэх тусам дахин харах гэсэн хүсэл улам их бадарна. Тэр тусам тэр амьтныг битгий үргээчихээсэй гэсэн санааг хэлмээр болдог.
Амьтан, шувууны гэрэл зураг авахад цаг маш их ордог
Амьтан, шувууны гэрэл зураг авахад цаг маш их ордог. Цаг багатай бол энэ төрлөөр оролдоод хэрэггүй.
Миний хамгийн удаан хөөцөлдөж авсан зураг бол цэвдгийн ууль гэж шувууны зураг. Ууль бол шар шувууны төрлийнх, гэхдээ цав цагаан шувуу.
Цасан дээр өвөл харагдахгүй, маш хэцүү. Өндөрхааны наана Хэрлэнгийн хөндийд юм. Би тэр шувууны хойноос хагас, бүтэн сайн өдөр болгон таван удаа явсан. Хагас сар явсан, яг буцах өдрөө сүүдрээр нь олсон.
Тохой хэрийн өндөртэй босоо шувуу. Гэрэлд сүүдэр нь харагддаг. Би хэд тойрч зураг авсан. Ховор шувууны хувьд зураг нь их сайн биш байж болно.
Сэтгэгдэл бичих (1)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [197.211.63.22] ・ 2025.06.08 Хариулах
Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00