Коронавирус дотооддоо бүртгэгдсэнтэй холбоотойгоор улсын хэмжээнд маргаашаас эхлэн 5 хоногийн хугацаанд хөл хорионы хатуу дэглэм тотоож, гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдал шилжүүлэхээр Улсын онцгой комисс, Засгийн газраас шийдвэрлэлээ.  Энэ талаар дөнгөж сая мэдээлэл хийлээ. /Дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу/

Мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Манай улсад дотооддоо коронавирусийн 4 тохиолдол бүртгэгдлээ. Ийм үед дэлхийн улс орнуудын хамгийн түрүүнд авдаг арга хэмжээ бол хөл хорионы дэглэм юм.

Хөл хорионы дэглэмийн үед халдварын нууц үеийн хугацаа болон нууц үеийн хугацаанд халдварт өртсөн, хавьтал болсон иргэдийг олж, тусгаарлах, тэднийг шинжлэх, эрэмбэлэн ангилах, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх, нийгмийн эрүүл мэндийн арга хэмжээ авна гэсэн ДЭМБ-ын зөвлөмж байдаг. Энэ зөвлөмжийн дагуу манай улс өнөөдрөөс эхлэн гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдалд шилжиж байна. Коронавирусийн батлагдсан тохиолдлын ойрын хавьтлыг ДЭМБ-ын зөвлөмжөөр 24-48 цагийн дотор олж тогтоох ёстой. Бид энэ хугацаанд ажиллаад 73 ойрын хавьтлыг илрүүлсэн. 

Ойрын хавьтал гэж халдварын лаборатороор батлагдсан тохиолдолтой 1.5-2 метрээс дотогш зайд хамгаалах амны хаалтгүйгээр харьцсан, 15 минутаас дээш хугацаагаар уулзсан хүнийг хэлнэ. Дээрх 73 хүн бол энэ тодорхойлолтод нийцсэн ойрын хавьтлууд. Бид тэдгээрийг олж авмагцаа эмнэлэг буюу тусгаарлан ажиглах байранд тусгаарласан. Шинжилгээг үргэлжлүүлэн хийж байна. 

Коронавирус илэрсэн тохиолдол маань гадуур явсан, үзвэр үйлчилгээ үзсэн учир 2000 гаруй дам хавьтал байгаа. Энэ хүмүүсийн байршлыг тогтоох үйл ажиллагааг явуулж байна. Тогтоосны дараа холбогдох арга хэмжээ авна. Мөн тухайн үзвэр үйлчилгээнд оролцсон 200 гаруй хүн ХӨСҮТ-д шинжилгээ өгсөн.

Тиймээс иргэд маань бидний ажлыг дэмжиж, хорио цээрийн хугацаанд аль болох гэрээс гарахгүй байх, гарвал амны хаалт зүүж, хувийн ариун цэврээ сахихыг хүсэж байна" хэмээлээ.