БНСУ-ын Засгийн газар Инчеон болон Улаанбаатар хотын чиглэлд нислэг үйлдэх эрхийг агаарын тээврийн “Asiana” тэргүүтэй аль нэг компанид олгохоор төлөвлөж буйтай холбогдуулан “Korean Air” компани энэ чиглэлд монопол байдлаа алдах төлөвтэй байна.

Инчеон-Монголын чиглэлд нислэг үйлдэх эрхийн төлөө агаарын тээврийн “Asiana”, “Jeju”, “T'way” болон “Eastar” компани өрсөлдөж байгаа бөгөөд БНСУ-ын Газар, дэд бүтэц, тээврийн яам шинэ лицензийг энэ сард олгохоор төлөвлөж байгаа аж.

Хоёр орны агаарын тээврийн үйлчилгээг тус бүр нэг компани хангах тухай 1991 онд байгуулсан хэлэлцээрийн дагуу дээрх чиглэлд “Korean Air” компани 30 орчим жилийн турш монопол байдлаа хадгалсаар ирсэн байна. Монголын талаас агаарын тээврийн “MIAT” компани Инчеон хот руу нислэг үйлддэг билээ.

Дээрх хоёр компанийн монополчлолын улмаас энэ чиглэлийн нислэгийн тийзийн үнийг ижил хугацаанд үргэлжилдэг бусад нислэгүүдтэй харьцуулахад хэтэрхий үнэтэй байдгийн зэрэгцээ суудлын тоо хүрэлцээгүй байдаг гэх шүүмжлэл газар авах болсон юм.

Газар, дэд бүтэц, тээврийн яамны мэдэгдэлд тэмдэглэснээр, “MIAT” болон “Korean Air” компани нь өнгөрсөн сард хэлэлцээрээ шинэчилсэн хэдий ч таагүй нөхцөл байдал үргэлжлэх төлөвтэй байгаа ажээ. Солонгосын талаас энэ чиглэлийн нислэг үйлдэх компанийг хоёр болгож, долоо хоногт үйлдэх нислэгийн тоог нэмэгдүүлэн 9 болгохоор /2500 суудал/төлөвлөж буй нь одоогийн нислэгийг/6нислэг, 1656 суудал/ 50орчим хувиар нэмэгдүүлэх юм.

“Энэхүү шийдвэр нь Инчеон-Улаанбаатарын чиглэлийн гол оператор хэмээх “Korean Air” компанийн статуст нөлөөлөхгүй. Агаарын тээврийн өөр нэгэн компанид нислэг үйлдэх эрхийг олгох боловч “Korean Air” компани нислэгүүдээ хэвийн үргэлжлүүлнэ” гэж яамны төлөөлөгч мэдээлжээ.

Гэсэн хэдий ч дээрх чиглэлийн нислэгүүдийн тоог нэмэгдүүлж, “Korean Air” компани нь цорын ганц оператор байхаа болих нь тийзийн үнэд нөлөөлөх төлөвтэй байна. 

“Korean Air” компанийн монополчлол болон суудлын тооны хязгаарлагдмал байдлын улмаас тийзийн үнэ баярын үеэр 1 сая вон/890 ам.доллар/давдаг нь нислэгийн хугацаа дөрвөн цаг үргэлжилдэг бусад хотын нислэгүүдийн тийзийн үнээс хоёр дахин өндөр үнэ аж.

Нислэгийн тоо нэмэгдсэнээр тийзийн үнэ хямдарч, илүү олон жуулчин аялах боломжийг нээнэ” гэж энэ салбарын төлөөлөгчид хэлж байна.

Энэ чиглэлд нислэг үйлдэх нь ихээхэн ашигтай тул агаарын тээврийн олон компани лицензийн төлөө өрсөлдөж байгаа ажээ.Газар, дэд бүтэц, тээврийн яамны мэдэгдэлд тэмдэглэснээр, өнгөрсөн онд Инчеон-Улаанбаатарын чиглэлд 330 мянган хүн зорчсон бөгөөд Монгол улсыг сонирхон аялах жуулчдын тоо нэмэгдэж буйтай холбоотойгоор зорчигчдын тоо жилд дунджаар 11 хувийн өсөлт үзүүлэх болжээ.

“Түүнчлэн Монголын агаарын тээврийн зах зээлийн хэмжээнээс үзэхэд тус улстай холбогдох шинэ чиглэлийг бий болгоход ихээхэн хүндрэлтэй байдаг. Агаарын тээврийн компаниудын хувьд бизнесээ өргөжүүлэх ховор боломж энэ байх болно” гэж БНСУ-ын агаарын тээврийн компанийн төлөөлөгч хэлсэн байна. 



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг

/Korea Times/