Монгол Улсын Засгийн газар өчигдрийн хуралдаанаараа аялал жуулчлалыг сэргээх үүднээс Монгол Улсад жуулчлах зорилгоор 90 хүртэл хоногийн хугацаанд зорчих Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэдийг 2022 оны зургадугаар сарын 1-нээс 2024 оны арван хоёрдугаар сарын 31-ний өдрийг хүртэл Монгол Улсын визийн шаардлагаас чөлөөлсөн билээ.

Уг мэдэгдлийн дараа БНСУ-ын талаас Монгол Улсын бүлэг жуулчдад 30 хоногийн визгүй зорчих шийдвэр гаргажээ. Тодруулбал Өмнөд Солонгосын Засгийн газар 2022 оны зургадугаар сарын 1-нээс эхлэн Монгол, Вьетнам, Филиппин, Индонез улсын тав буюу түүнээс дээш тоотой бүлэг жуулчдад 30 хүртэл хоногийн хугацаанд визгүй зорчих эрх олгохоор болсныг зарлалаа.


 Ингэхдээ зөвхөн Яньян (Yangyang) олон улсын нисэх буудлаар ирсэн жуулчдад энэ нөхцөл хүчинтэй юм байна. Яньян нь БНСУ-ын зүүн хойд Ганвон мужийн Яньян дүүрэгт оршдог жижиг нисэх буудал юм.

Коронавируст цар тахал эхлэхээс өмнө жилд дунджаар 100,000 орчим Солонгос иргэд манай улсад аялал жуулчлалын зорилгоор ирдэг байсан бөгөөд дээрх шийдвэртэй холбоотойгоор нь БНСУ-аас ирэх жуулчдын урсгал, нислэгийн тоо нэмэгдэх төлөвтэй байна.

Сөүл, Улаанбаатарын хооронд нисэж байгаа Korean Air, МИАТ хоёроос гадна БНСУ-ын хэд хэдэн  авиа компаниуд Улаанбаатарт буух төлөвтэй байна. Тухайлбал Air Busan, Jeju Air, T'way Air зэрэг компаниуд Улаанбаатарт буух нь ээ.

Мөн Солонгосын Asiana Airlines компани долоо хоног бүрийн Баасан болон Лхагва гаригуудад зургадугаар сарын 1-нээс эхлэн Улаанбаатар-Сөүл-Лос Анжелес, Улаанбаатар-Сөүл-Сан Франциско чиглэлд нислэг үйлдэж эхлэх гэж байна.