Peak.mn
02 сарын 26, 2026
Хүний эрхийн Үндэсний Комисс Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимтай хамтран орон нутаг дахь салбар танхимын дарга, менежерүүдийн хүний эрхийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, бизнесийн үйл ажиллагаанд баримталбал зохих хүний эрхийн зарчим, арга зүй, хүнд ээлтэй бизнесийн үйл ажиллагааг төлөвшүүлэх зорилгоор хүний эрхийн сургагч багш бэлтгэх сургалт зохион байгуулж байна.

Сургалтыг нээж, Комиссын гишүүн, доктор Г.Нарантуяа “Монгол Улсын Засгийн газраас “Бизнесийн үйл ажиллагаанд хүний эрхийг хамгаалах, хүний эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, зөрчигдсөн эрхийг сэргээх үйл ажиллагааны төлөвлөгөө”-г баталсан нь бизнесийн байгууллагуудад эерэг нөлөөлөл авчирч байгаа сайн жишээнүүдийг дурдлаа. Тухайлбал, Траст трэйд ХХК, хүний эрхийн магадлан шинжилгээ хийлгэж, улмаар эрэгтэй ажилтнуудын хувцас солих өрөөг эмэгтэй ажилтнуудын өрөөтэй адил тохижуулж, амрах тухтай орчин бүрдүүлсэн нь ажлын бүтээмжийг 20 гаруй хувиар нэмэгдүүлсэн байна. Мөн хүн эрхийн мэдлэггүйгээс болж санамсаргүй байдлаар хүний эрхийн зөрчил үйлддэг тул хүний эрхийн ойлголт, хандлагыг нэмэгдүүлэх, таниулах хэрэгцээ шаардлага чухал байгааг онцолж, салбар салбарт хүний эрхийн сургагч багш бэлтгэж тэднээр дамжуулан хүний эрхийн соёлыг түгээж, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой болохыг хэллээ.
МҮХАҮТ-ын гүйцэтгэх захирал Ц.Магнайбаатар бизнесийн үйл ажиллагаанд хүний эрхийн олон улсын баримт бичгүүдийн ач холбогдлыг онцолж, Комисстой цаашид хамтын ажиллагааны хүрээнд хүний эрхийн чиглэлээр олон ажил төлөвлөж буйгаа дурдаж, сургалтад амжилт хүсэв.

Комиссын зүгээс бизнесийн салбар дахь хүний эрхийн асуудалд анхаарал хандуулж ажилладаг бөгөөд МҮХАҮТ-тай хамтран ажиллах санамж бичиг байгуулж, хүний эрхийн асуудлаар судалгаа, дүн шинжилгээ хийх, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, зорилтот бүлгийн эрхийн асуудал, бизнесийн үйл ажиллагаанд хүний эрхэд суурилсан хандлагыг төлөвшүүлэхэд чиглэсэн олон арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсний эхний ажил нь хүний эрхийн сургагч багш бэлтгэх сургалт юм.
Тус сургалтаар Байгууллагын үйл ажиллагаанд хүний эрхэд суурилсан хандлагыг төлөвшүүлэх, Бизнесийн үйл ажиллагаанд хүний эрхийг хангах, Бизнес ба хүний эрхийн удирдах зарчим, Хөдөлмөрлөх эрхийн зарим асуудал, Ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцааны олон улсын болон үндэсний эрх зүйн зохицуулалт, Ялгаварлан гадуурхалт, дарамт, хүчирхийлэл, албадан хөдөлмөрөөс ангид байх эрх, тэдгээрийн шинж, илрэлийг ялгаж таних, Ажлын байрны дарамт, хүчирхийлэл, ажлын байрны бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэх, Бизнесийн үйл ажиллагаанд хүүхдийн эрхийг хамгаалах, Хүүхдийн эрхийг хамгаалахад хувийн хэвшлийн байгууллагын үүрэг, оролцоо, Хүний хувийн мэдээллийг хамгаалахад анхаарах асуудал, Бизнесийн үйл ажиллагаанд хүний хувийн мэдээллийг хамгаалах зэрэг агуулгаар хүний эрхийн боловсрол олгож байна.






Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.