П.Мөнгөнсор
09 сарын 03, 2026
Хятад орноор аялж буй жуулчдын сонирхлыг эрхгүй татдаг нэгэн үзэгдэл бий. Энэ бол метроны буудал, гудамжны зарын самбар, худалдааны төвүүдийн лед дэлгэцээр элдэв брендүүдийн сурталчилгаа, поп одуудыг биш, эрдэмтэн, багш нарынхаа зураг, хийсэн бүтээлийг нь байршуулдаг уламжлал юм.
Хятадын гудамжаар яваа хүн энэ улсын пуужин болон сансар судлалын эцэг гэгддэг Цянь Шюэсэнь, цөмийн физикч Дэн Жясянь, агрономич Юань Лунпин зэрэг шинжлэх ухааны салбарын төлөөллүүдтэй төвөггүй танилцана.
Учир нь Хятадууд өнөөгийн үсрэнгүй хөгжил, дэлхийд технологиороо манлайлах болсон нь эдгээр эрдэмтдийн нээлт, олон жилийн хөдөлмөрт оршиж буй хэмээн хүндэтгэн үздэг ард түмэн юм.
Үнэхээр ч Хятад улс өнөөдөр хиймэл оюун ухаан, сансрын технологи, роботикоороо дэлхийд тэргүүлж байна. Тухайлбал, 2025 оны Дэлхийн инновацын индексээр тус улс 139 орноос 10 дугаарт жагсжээ. Түүнчлэн, судалгаа, хөрөнгө оруулалт хийж хөгжүүлсэн санаагаа бодит бүтээгдэхүүн, үйлдвэрлэл болгон хувиргаж чаддаг үзүүлэлтээрээ дэлхийд топ 5-д нэрлэгдэж байна.
Ийнхүү хотынхоо хамгийн хөл хөдөлгөөнтэй, үнэ цэнтэй байршилд эрдэмтдийнхээ зургийг тавьж байгаа нь зүгээр нэг сурталчилгаа биш, шинжлэх ухаанд шимтэн дурлах дараагийн үеэ системтэйгээр бэлдэж буй гүн гүнзгий утга агуулгатай, алсын хараатай бодлого ажээ.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.