Хүүхэд хамгаалалд хүн бүрийн оролцоог идэвхжүүлэх өдөрлөг зохион байгуулж байна

Хүүхдийн хөгжлийг дэмжих, аюулгүй байдлыг хангах зорилгоор БЗД-ийн 10 сургуульд нээлттэй өдөрлөг зохион байгуулж байна. 

“Гэр бүл, хүүхэд хамгааллын нээлттэй өдөрлөг”-ийг Баянзүрх дүүргийн Засаг Даргын Тамгын газар, Монголын Сайн Дурынхны Төвийнхөн хамтран энэ сарын 18-25-ны хооронд хийж байгаа юм.

Үйл ажиллагааны үеэр шинэчлэн батлагдсан Хүүхэд хамгааллын тухай хуулийг олон нийтэд таниулж, хэрэгжилт, үр нөлөөг сургуулийн ажилтан, эцэг эх, асран хамгаалагчдад танилцуулж байна.

Өнгөрсөн оны байдлаар Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1191 дуудлага иржээ. 

2022 онтой харьцуулахад 28 хувиар өссөн үзүүлэлттэй байгааг мэргэжилтнүүд анхааруулж байна. 108 төвд хандаж буй хүүхдийн ихэнх нь өөрт тулгамдаж буй асуудал, санаа зовнилыг эцэг эх, асран хамгаалагч нь огт ойлгодоггүй талаар ярьжээ.

Судалгаагаар гурван сурагч тутмын 1-нийх нь эцэг эх хүүхдээ сүүлийн нэг сар чөлөөт цагаараа юу хийж байгааг огт мэдэхгүй байна.

Үүнээс гадна 10 сурагч тутмын нэг нь янжуур тамхи, 4 сурагч тутмын нэг нь электрон тамхи татдаг гэх мэдээлэл байгаа юм. 

Иймд өсвөр үеийнхнийг хамгаалах, тэдний сонирхлыг хөгжүүлж, дэмжлэг үзүүлэхэд нийгмийн оролцоог нэмэгдүүлж, хүн бүрийг татан оролцуулах нь чухал байгаа юм. 

Монголын Сайн Дурынхны Төвөөс зохион байгуулж буй тус өдөрлөгт тус дүүргийн Гэр Бүлийн Хөгжил, Хамгааллын  Хэлтэс, Цагдаагийн газар,  Хүүхдийн тусламжийн 108 төвийн мэргэжилтнүүд, Хүүхдийн зөвлөл, Сургуулийн эцэг эхийн зөвлөл оролцож байна.

Үйл ажиллагааны эхлэл болгож Нийслэлийн Баянзүрх дүүргийн ЕБ-ын 79-р сургууль дээр амжилттай зохион байгууллаа.  Цаашид нийт 10 сургууль зохион байгуулах бөгөөд энэ үеэр мэргэжлийн эмч нар нүд, шүдний үнэгүй үзлэг, оношилгоо хийж байгаа аж. Мөн сэтгэл зүйн дэмжлэг авахыг хүссэн хүүхэд бүрийг стандарт тестэд хамруулж, зөвлөгөө өгч байгаа юм. 

Гэр бүл, хүүхэд хамгааллын үйл ажиллагаа, нөхцөл байдлын мэдээллийг олгох, зорилготой уг өдөрлөгт БЗД-ийн Эрүүл мэндийн төвийн Өсвөр үеийн эмч Оюунчимэг, тус дүүргийн Цагдаагийн 3-р хэлтэсийн Гэр бүлийн хучирхийллээс сэргийлэх ахлах мэргэжилтэн Эрдэнэтулга, Хүүхдийн тусламжийн утас 108 төвийн захирал Отгонгэрэл, "Дотоод луужин" сэтгэл зүйн төвийн сэтгэл зүйч О. Тэгшжаргал нар хэлэлцүүлэгт оролцож, эцэг эхчүүдийн асуултад хариулсан юм. 

Зураг
Тайлбар



















Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.