Х.Оргил
10 сарын 05, 2020
Хүүхдээ хэрхэн хүнлэг, энэрэнгүй хүн болгох вэ? гэдэг аав, ээж бүрийн л боддог бодол. Тиймдээ ч ийм бай, тийм бай, ингэ, тэг гэж тулгана. Харамсалтай нь ингэх тусам хүүхэд залхаж, зүгээр л “за”, “ойлголоо”зэрэг таарсан хэдэн хариулт өгөхөөс хэтэрдэггүй.
Тэгвэл хүүхдийг хүн болгох хамгийн чухал хүчин зүйл нь ном гэдгийг та мэдэх үү?
Хамгийн гол нь тухайн ном хүүхдийн нас, сэтгэхүйд таарснаа гадна захирсан, шаардсан, хэт гоёчилсон бус хүүхдийн амьдралд ойр, сонирхлыг нь татсан буюу хүүхэд уншингаа л ойлгохоор байх хэрэгтэй. Бага насны хүүхдийн хувьд төсөөлөн бодох чадварыг дэмжсэн, өрнөлтэй зурагт номуудад дуртай. Тэд зургийг нэг бүрчлэн харж, ярилцахыг хүсдэг. Даанч энэ бүх хэрэгцээ, шаардлагыг хангасан зурагт ном тэр бүр байдаггүй.
Иймд Монсудар хэвлэлийн газрын хүүхдийн номын Жангар редакцаас нийгмийн хариуцлагынхаа хүрээнд буюу Соён гэгээрлийн үйл ажиллагааныхаа нэг хэсэг болгон, 2019 онд хүүхдийн зохиолын уралдаан зарласан юм.
Ингээд дээрх шалгууруудаас гадна хүүхдүүдийн санал сэтгэгдлийг харгалзсаны үндсэн дээр өгүүллэгийн төрөлд 9 өөр хэв маяг, 9 өөр өнгө төрх бүхий зохиолыг шалгаруулсан нь одоо уншигчдын гарт хүрэхэд бэлэн болжээ. Тодруулбал, бусадтай хуваалцах, бусдын ялгаатай байдлыг хүндэтгэх, хүсэл мөрөөдөлдөө эзэн нь байх, эвтэй байх, бусдад эелдэг хандах зэрэг ёс суртахууны янз бүрийн суурь ойлголтуудыг багтаасан бүтээлүүд юм.
Хүүхдүүдийн унших дуртай номуудын нэг байгаасай гэсэн чин сэтгэлээс бүтэж байгаа учраас зохиолчоос гадна хэвлэлийн газрын редактор, зураач, дизайнер гэх мэт олон хүний харах өнцөг, бүтээлч хандлага нэгдэн баг болж ажиллажээ.
Нэг талаас хэрхэн зөв, сайн хүн байхыг ойлгуулахыг хичээсэн, нөгөө талаас хүүхдийн хөгжлийг дэмжсэн эдгээр бүтээлүүд хүүхдийн тань төдийгүй энэхүү бүрэнхий нийгэмд гэрэл нэмэх биз ээ.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.