Жендэрийн хэвшмэл ойлголт, хандлагыг өөрчлөх зорилготой “Хүндлэлд хүйс хамаагүй” үндэсний аяны нээлтийн үйл ажиллагаа боллоо. 

Уг аяныг Азийн Хөгжлийн Банк болон Ядуурлыг бууруулах Японы сангийн дэмжлэгтэйгээр Жендэрийн үндэсний хорооны хэрэгжүүлж буй “Иргэний нийгмийн оролцоотойгоор жендэрийн тэгш байдлыг хангах нь” техникийн туслалцааны төслийн хүрээнд нийт дөрвөн сарын хугацаанд үндэсний хэмжээнд өрнүүлэхээр төлөвлөж байна.


Азийн Хөгжлийн Банкны Монгол дахь суурин төлөөлөгч ноён Павит Рамачандран аяны нээлтэд хэлсэн үгэндээ, Монгол Улсад жендэрийн тэгш байдлыг хангахад чиглэсэн Жендэрийн үндэсний хорооны бүхий л хүчин чармайлтыг сайшааж Азийн Хөгжлийн Банктай маш нягт хамтран ажиллаж байгаад баяртай буйгаа онцоллоо.

Гагцхүү, олон нийтийн жендэрийн боловсрол дутмаг, хуулийн мэдлэг хязгаарлагдмал хэвээр байгаа нь “Хүндлэлд хүйс хамаагүй” аяныг өрнүүлэх тэргүүн шалтгаан юм.


Жендэрийн үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Т.Энхбаяр:

“Манай улс “Эмэгтэйчүүд ба хөгжил” гэсэн гол үзэл баримтлалтайгаар жендэрийн асуудалд хандаж байсан бол одоо “Жендэр ба хөгжил” хандлага руу шилжээд тодорхой хугацаа өнгөрсөн. Ингэснээр, эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдэд тулгардаг жендэрийн асуудлуудад ижил хэмжээнд ач холбогдол өгөх болсон. Тэд хүйсээс үл хамааран хөгжлийн үйл явцад тэнцүү оролцож, үр шимээс адил хүртэх боломжийг хязгаарлаж байгаа нэг хүчин зүйл бол жендэрийн хэвшмэл ойлголт юм. 


Азийн Хөгжлийн Банкны Монгол дахь суурин төлөөлөгч Павит Рамачандран:

“Жендэрийн тэгш байдлыг хангах нь Азийн Хөгжлийн Банкны 2030 он хүртэл хэрэгжүүлэх стратегийн тэргүүлэх долоон чиглэлийн нэг юм. Одоогоор Монгол Улсад хэрэгжүүлж буй зээл, буцалтгүй тусламжийн  төслүүдийн 90 гаруй хувь нь жендэрийн тэгш байдлын үзэл баримтлалыг тусгасан эсхүл жендэрийн чиг баримжаа, агуулгатай байна” гэлээ.