Эрх мэдлийн төвд буй Засгийн газар 1072 хувьцааны ногдол ашгийг замд нь гацаачихлаа. “Эрдэнэс Тавантолгой” компанийн хамгийн том хувьцаа эзэмшигч төр иргэдэд очих байсан өчүүхэн жаахан ногдол ашгийг өөрсдийн дураар түгжиж орхив. Энэ сарын 1-ний өдрөөс эхлэн хувьцаа болон банкны данс нь баталгаажсан хүмүүс рүү шилжих учиртай байсан ногдол ашиг өнөөдрийг хүртэл бараа сураггүй байна. Уг нь сураг чимээ гараад байсан боловч Сангийн сайд хөндөлсөөд байгаа аж. Замын дундаас нь засаг булаасан гэх. 

Компанийн тухай хууль болон Үнэт цаасны тухай хуулийг Засгийн газар, Сангийн сайд түмний нүдэн дээр зөрчиж, жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг уландаа гишгэх нь. Үүнийг ажиглах Санхүүгийн зохицуулах хороо нүдэн балай, чихэн дүлий сууна. Санхүүгийн зах зээлийг зохицуулах, хөгжүүлэх учиртай өнөө гол байгууллага нь энэ асуудлыг олж харахгүй болтлоо улстөржсөн гэж үү. Ардын нам ногдол ашгийг эсвэл ирэх сонгуулийн үеэр иргэдээс оноо цуглуулах хэрэгсэл болгохоор шийдсэн үү. “Бид ногдол ашиг олголоо” гэж нэр нүүр олж, зарлахаар дотроо хуйвалдсан уу. Ард түмнээ боддог бол авах ёстой ногдол ашгийг нь одоо л тараах цаг. 

1072 хувьцааны ногдол ашиг төр сайн ажилласны шагнал биш юм. Харин нүүрсний үнэ Хятадын зах зээлд тогтвортой байсны хариу үр дүн билээ. Хувьцааг нь эзэмших компани ашигтай ажилласан бол тухайн хувьцаа эзэмшигч болгон ногдол ашиг гэж авдаг. Дэлхий нийтийн жишиг ийм. Хөрөнгийн зах зээлийн хөгжил энэ. Олон нийтийн өмч бүхий хувьцаат компанийг төрийн 100 хувь өмчит компани мэтээр бодож, өөрсдийн дураар захирах нь андуурал юм. 

УИХ-ын мандаттай Санхүүгийн зохицуулах хороо 1072 хувьцааны ногдол ашгийг олгох үндэсний хэмжээний ажлыг зохион байгуулж чадахгүй, барьц алдаж байна. Ажлаа мэдэхгүй хүмүүс энэ газрын орон тоог эзэгнэсэн үү. Сангийн сайдын халаасанд Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв, Санхүүгийн зохицуулах хороо аль аль нь хамт оржээ. Өдийд 1072 хувьцааныхаа ногдол ашгийг авч байх ёстой иргэд төрдөө хөсөр хаягдсан бололтой.

Эргэн сануулахад, “Эрдэнэс Тавантолгой” компани 2019 онд нэг их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Үүний 850 орчим тэрбумыг төр хамгийн том хувьцаа эзэмшигч учраас Засгийн газар авахаар байгаа. Үлдсэн 200 хүрэхгүй тэрбум нь 2.5 сая иргэдэд  очих учиртай. Ийм атал ногдол ашиг жинхэнэ эзэндээ хүрч чадахгүй байна. “Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг “1.8 их наяд төгрөгийг энэ жил ногдол ашиг хэлбэрээр хуваарилахаар байгаа. Үүний 85 хувийг Засгийн газар, 14.7 хувийг иргэд, 0.5 хувийг аж ахуйн нэгжүүд авна. Ногдол ашиг бэлэн мөнгө тараалт биш. 10 жил дуншсан хувьцаа амь орж байна. Ирэх тавдугаар сараас иргэдэд мөнгийг нь олгох ажлыг зохион байгуулна” хэмээн энэ оны хоёрдугаар сард хэвлэлээр мэдэгдсэн. Товлосон хугацаа нь өнгөрөөд дараа сартай золгох гэж байна. 

Засгийн газар ногдол ашгийн мөнгийг хаагуур чухам эргэлдүүлээд байна вэ гэсэн хардлага олны дунд байна. “Эрдэнэс Тавантолгой” компаниас шилжүүлсэн 60 гаруй тэрбум төгрөг иргэдийн гарт хүрсэнгүй. Тус компани луу унжиж, иргэдэд очих 200 тэрбумын дөнгөж 60 тэрбум төгрөгийг Сангийн яам руу шилжүүлсэн нь гацаа дээр гацаа үүсгэв. Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн дансанд байгаа 60 тэрбумыг Сангийн сайдын зөвшөөрлөөр олгоно гэж тус байгууллага мэдэгдсэн. Урьд өмнө ийм үзэгдэл болж байсангүй. Компанийн ногдол ашгийг 100 хувь төвлөрүүлж байж тараана хэмээн Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвөөс мөн мэдээлсэн. 

Өнгөрсөн 30 жилийн хугацаанд олон компани ногдол ашиг тарааж ирсэн. Гэтэл төрийн эзэмшил давамгайлах компани дур зоргоороо аашилж, иргэдийг хохироож байна. Компанийн ТУЗ-ийн шийдвэр эцсийнх байдаг. Харамсалтай нь, 2.5 сая хувьцаа эзэмшигчтэй “Эрдэнэс Тавантолгой” компани иргэдэд хүндрэл чирэгдэл үүсгэж, ногдол ашгийн мөнгийг ирэх сонгууль руу ойртуулсаар. Засгийн газар, “Эрдэнэс Тавантолгой”, Санхүүгийн зохицуулах хороо хоорондоо үгсэн хуйвалдсан уу. Ногдол ашгийн мөнгийг хэн нь хулгайлсан бэ. 

“Эрдэнэс Тавантолгой” компанийн Төлөөлөн удирдах зөвлөл нь энэ сарын 1-ний өдрөөс ногдол ашиг тараана гэж түмэнд зарлаж, олонд мэдүүлсэн. Гэвч ингэж ярьж хэлснээс хойш сар гаруй болох гэж байна. 1072 хувьцааны ногдол ашиг халамж биш. Энэ бол хууль ёсны авах ёстой, их бага нь хамаагүй амьдралд нэмэр болох баялгийн өгөөж. Эрх баригчид компанийн дотоод шийдвэрт оролцох учиргүй. 1072 хувьцааны эрх ашгийг хамгаалах холбоо ногдол ашиг өг гэсэн УИХ-ын Өргөдлийн байнгын хороо болон ТУЗ-ийн шийдвэр гартал нь тэмцэж, тэдний санаачилга үр дүнд хүрсэн. Иргэдийн талд шийдэл нь гарсан билээ. Ногдол ашиг тараах хугацаа аль хэдийн гарч, олгох өдөр нь энэ сарын 1 байхад Засгийн газар, “Эрдэнэс Тавантолгой” хойшлуулсаар байгаа нь хачирхалтай.


Б.Баяртогтох