Хөхүүрийн айраг исгэх уламжлал, холбогдох зан үйл"-ийг ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтний соёлын биет бус өвөөр бүртгэсэн батламжийг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар өнөөдөр БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг болон холбогдох байгууллагын төлөөлөлд гардууллаа.

2019 оны 12 дугаар сарын 11-нд Бүгд Найрамдах Колумби улсын нийслэл Богота хотноо болсон ЮНЕСКО-гийн Соёлын биет бус өвийг хамгаалах конвенцын Засгийн газар хоорондын хорооны 14 дүгээр чуулганаар Монгол Улсаас нэр дэвшүүлсэн "Хөхүүрийн айраг исгэх уламжлал, холбогдох зан үйл"-ийг ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн Төлөөллийн жагсаалтад бүртгэх шийдвэр гаргасан билээ.

 Гадаад харилцааны сайд, ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссын дарга Д.Цогтбаатар:

Тэрбээр "Хөхүүрийн айргийг тал нутгийн нүүдэлчин монголчууд амьдралынхаа явцад гарган авсан. Өөрөөр хэлбэл, энэ ундаа монгол соёлоос урган гарсан болохыг олон нийтэд таниулж байна. Дэлхий нийт даяаршиж маш олон жижиг соёлууд тэр ч бүү хэл, хэлүүд устан үгүй болж байгаа энэ үед хот суурин газар амьдарч байгаа бид өөрсдөө ч өв соёлоо мартах учиргүй. Биднийг бусдаас ондоошуулж, монгол хүн болгож байгаа зүйл нь зөвхөн хэл, соёл, уламжлал юм. Хоёрдугаарт, энд брендингийн асуудал хөндөгдөнө. Хэрэв айргийг дэлхийн бусад оронд үйлдвэрлэж эхэлбэл зөвхөн Монголд үйлдвэрлэснийг нь жинхэнэ айраг гэж нэрлэх эрхийг үүгээр хамгаалж байна" гэв.