Ланд 100 клубынхэн аялж явахдаа хадан дээр бичсэн нь нийгмийн сүлжээнд иргэдийн бухимдах сэдэв болоод байна. Уг асуудлаар "Ланд 100" ТББ-ын тэргүүн Х.Эрдэнэбаяраас тодруулга авлаа. 

-Та бүхнийг нийгмийн сүлжээнд шүүмжилж, соёлын өвд халдлаа хэмээн бичиж байна. Яагаад хадан дээр бичсэн юм бэ?

-Манай клуб 2016 онд байгуулагдсан, байгуулагдсан цагаасаа хойш нийгмийн сайн сайхны төлөө цөөнгүй хийж ирсэн. Харин ч байгаль орчноо хайрлаж хамгаалхыг уриалсан ирсэн юм шүү. Бид тэрхүү бичгийг энэ сарын 4-ний өдөр Цэнхэрийн агуйд бичсэн. Хүмүүс янз бүрээр л хүлээн авч байх шиг байна. 

Хүмүүст хэлэхэд бид үүнийг зориуд хийсэн юм шүү. Зорилго нь соёлын өвийг хамгаалаасай гэсэндээ, итгэхгүй байж болох л юм. Гэхдээ хүмүүст хадан дээр битгий бичээрэй гэхээр анзаардаггүй шүү дээ. Харин зориуд ингэж акц хийснээр олон хүмүүст хүрсэнд баяртай байна.

-Үүнийгээ хэрхэн батлах вэ?

-Бид хадан дээр бичингүүтээ арилгачихсан. Түүнийгээ баталгаажуулаад бичлэг ч хийчихсэн. 

Бичлэгийг эндээс үзэх:


Ховд аймгийн Гурван цэнхэрийн агуй бол Ховд аймгийн Манхан сумын төвөөс баруун тийш 30 орчим км-ийн зайд байдаг. 40,000 жилийн тэртээх хадны сүг зураг зэрэг түүхэн дурсгал. Гэтэл хүмүүс дураараа эрээчиж, бүр үзүүртэй зүйлээр хүртэл зорж сийлсэн байсан. Иймээс бид арилдаг зүйлээр бичиж акц хийсэн юм. Хүмүүсийг ухаараасай гэсэндээ. Тэр зорсон, сийлсэн зургуудыг ч авсан. Бид одоо ч замдаа явна.

-Танайх байгаль орчноо хамгаалах чиглэлээр хэд хэдэн аялал зохион байгуулж байсан гэсэн. Дурдахгүй юу?

-Манай клубынхэн жилийн дөрвөн улиралд 4 сайн үйлс хийдэг. Сайн үйлсийн аяны хүрээнд "Хогондоо" аялал 3 жил зохион байгуулж Туул голын сав орчмыг цэвэрлэж ирсэн. Нэг удаагийн аянаар гэхэд нэлээн хэдэн ачааны машин дүүрэн л хог гардаг юм.