Наадамчин та, танай гэр бүлийнхэн Хүй долоон худагт очоод морь гараанаас гарч, барианд орох хүртэл юу хийхээ бодсон уу. Эсвэл монгол наадам сонирхохоор ирсэн гадаад найз, жуулчдадаа юу үзүүлэх вэ хэмээн тээнэгэлзэж байгаа бол монгол ахуй, соёлоо нэг дор сурталчилж, өөрийн биеэр оролцож, суралцах боломжтой уламжлалт "Соёлын наадам"-ыг зориорой. 

Соёл урлагийн их сургууль, Монголын Урлагийн зөвлөлийн хамт олон 11 дэх жилдээ долдугаар сарын 11.12-нд зохион байгуулж буй уг наадмын зорилго нь соёлын өвийг музейд хадгалах бус, харин монголчууд өөрсдөө оролцож, хийж, бүтээлцэж байж үүнийгээ хадгалан үлдэж, өвлүүлэн түгээх билээ.

Соёлын өвийг түгээн дэлгэрүүлэх зорилгоор энэ жилийн “Соёлын Наадам”-ыг Соёл Урлагийн Их Сургууль (СУИС), Монголын Урлагийн Зөвлөл (МУЗ) хамтран зохион байгуулж, Рио Тинто компани ивээн тэтгэж, “Монгол наадам” цогцолбор ОНӨТҮГ, ХААН Банк, Чингэлтэй дүүргийн ЗДТГ дэмжиж шинэлэг агуулга, сонирхолтой хөтөлбөрүүдээр өргөжүүлэн, наадамчин олонд хүргэхээр хамтран ажиллаж байна. 

Та “Соёлын наадам” үзэж, оролцсоноор зурагтаар, тайзан дээрээс, эсвэл үзэсгэлэнгийн танхимд үздэг зүйлсээ бодитоор харж, өөрөө хийж, хамтран оролцож, суралцан ярилцах боломжтой.  

Наадамчин олон “Соёлын наадам”-ыг зорих 21 шалтгаан байна. 

  1. Өөрийн нэрээ монгол уран бичлэгээр бичүүлж авах боломжтой 
  2. Үндэсний хувцастайгаар зургаа татуулж болно
  3. Нум сум яаж хийдгийг хараарай 
  4. Дэмбээдэхийг харж, өөрөө ч дэмбээдэх боломжтой 
  5. Эрхий хурууныхаа эрчийг сориорой
  6. Шагайн харвааны асарт бууж, мордоорой
  7. Аргал түүж, сур элдэж, ноос савж үзмээр байна уу
  8. Эсгийгээр хийсэн бүтээлээ найздаа бэлэглэх боломж олдоно
  9. Кинонд гардаг шиг хөрөг зургаа зуруулах юм уу
  10. Харааны урлаг /Visual art/ гэж юж болохтой танилцаарай. Огт хөдөлгөөнгүй зурагнууд таны нүдийг хэрхэн хөдөлгөж, төөрөлдүүлж, будлиулах нь сонирхолтой байх болно
  11. Цорын ганц гар урлалын бүтээгдэхүүнтэй болоорой 
  12. Ардын язгуур урлагийн “амьд” тоглолт таныг алсаас ч дуудна. Та ер нь язгуур урлагийн тоглолт  жилд хэдэн удаа үзэж, сонсдог вэ
  13. “Морьтны гайхамшиг” үзүүлбэртэй
  14. Айрагны баяр болно
  15. Аварга монгол баримлын өртөөгөөр зочлоорой
  16. Шагайн морио уяж, сойж тогловол ямар вэ
  17. Хүүхэд бүр зураач байдаг. Таны охин, хүү ч ялгаагүй 
  18. Зугаатай нүүр будалтын хэсэг хүүхдэд тань лав таалагдана
  19. Хурган чих гэж ямар хөгжим болохыг мэдэх үү, сонсож байсан уу. 
  20. Монгол хүүхэлдэйтэй хамт зургаа татуулах боломж бий
  21. Хөгжилтэй тоглоом тоглож, тэмцээнд оролцож авхаалж самбаагаа сориорой