“Эрдэнэс Тавантолгой” компанийн нийт хувьцааны 14.5 хувь иргэд, олон нийтийнх бол үлдсэн хэсгийг дотоодын цөөн тооны аж ахуйн нэгжүүд эзэмшдэг. Харин 81.5 хувь нь төрийн мэдлийнх. Төрийн нэрийн өмнөөс “Эрдэнэс Тавантолгой” компанийг “Эрдэнэс Монгол” хариуцдаг. Тэгвэл төрийн мэдлийн 81.5 хувийн хувьцаанд хамаарах хуримтлагдсан ногдол ашгаар Хөгжлийн банкны зээлийг эргэн төлөхөөр болж байна. 

Тодруулбал, зээлийн эргэн төлөлтөд зарцуулах ногдол ашиг нь 2019 оны ногдол ашиг бөгөөд төрд ногдох ногдол ашгийн үлдэгдэл төлбөрийг “Эрдэнэс Тавантолгой” компани өөрийн толгой компани “Эрдэнэс Монгол”-д шилжүүлж байгаа юм. 

Эргэн сануулахад, иргэдийн хувьд ногдол ашгаа арилжааны банкны дансаараа дамжуулан авсан бөгөөд 1072 хувьцаатай иргэнд 86.8 мянган төгрөгийг шилжүүлж байсан билээ. 

“Эрдэнэс Монгол” компанийн Хөгжлийн банкнаас авсан зээлийн үлдэгдэл 155.5 тэрбум бөгөөд үүнийг барагдуулах дээрх шийдвэрийг тус банкны Гүйцэтгэх захирал Н.Мандуул өчигдөр болсон УИХ-ын Хянан шалгах түр хорооны хурлын үеэр танилцуулсан юм. 

Хөгжлийн банкийг хянан шалгах үүрэг бүхий Түр хороо нь төрийн өмчит компаниудын хамааралтай зээлийн эргэн төлөлтийг сайжруулахад мөн анхаарал хандуулж эхэлсэн. “Эрдэнэс Монгол” компанийн хувьд бүтэц, зохион байгуулалт нь шинэчлэгдэж, үйл ажиллагаа нь илүү төрөлжиж байгаа. 

Хөгжлийн банкны зээлийн нийт үлдэгдэл энэ сарын бадйлаар 3.2 их наяд төгрөг байгаа бөгөөд 243 тэрбум төгрөгийн чанаргүй зээл төлөгджээ.