Азийн хөгжлийн банкны санхүүжилттэй “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангах, үйлчилгээг сайжруулах төсөл”-ийн хүрээнд Ховд аймагт хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв баригджээ. 

Энэхүү төв нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд болон насанд хүрэгчдийг сэргээн засах, эрт илрүүлэг, хөгжлийн дэмжлэг, гэр бүлийн гишүүд, асран хамгаалагчдад зөвлөгөө өгөх, сургалт зохион байгуулах, сэтгэл зүй болон сэтгэл заслын үйлчилгээ, протез, ортопед, туслах хэрэгсэл захиалах, ашиглах, тохируулах, засварлах зэрэг үйлчилгээ үзүүлэх юм.

Нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа болон УИХ, Засгийн газрын гишүүд, АХБ-ны Монгол дахь Суурин төлөөлөгч Шэннон Коулин, холбогдох яамд, агентлагийн албан тушаалтнууд, аймаг орон нутгийн удирдлагууд, төрийн бус байгууллагууд, иргэд, хүүхдүүдийн төлөөлөл оролцлоо. 

Монгол Улсад 115 мянга гаруй хөгжлийн бэрхшээлтэй хүн байгаагийн 67 хувь нь хөдөө, орон нутагт амьдарч байгаа бөгөөд алслагдсан бүс нутаг болох баруун бүсэд 18.8 мянга, Ховд аймагт 3.6 мянга нь аж төрж байна. 

Энэхүү төв Хөвсгөл, Дундговь, Дархан-Уул, Өмнөговь, Архангай аймагт баригдаж байгаа бөгөөд цаашид бүх аймагт баригдах гэнэ.