Б.Баясгалан
01 сарын 27, 2021
Улаанбаатараас очсон Ховд аймгийн хоёр иргэнээс коронавирус илэрсэн талаар тус аймгийн Засаг дарга өнөөдөр мэдээлэл хийлээ.
Тэрээр "Манай аймгийн иргэд Улаанбаатараас нутаг буцах хүсэлтээ удаа дараа гаргасан. Нийслэлд суралцаж буй оюутнууд хоол хүнсний хомсдолд орж байна, гэртээ харих шаардлагатай байна, өвчин зовлон зэрэг шаардлагаар Улаанбаатарыг зорьсон иргэд айлд байх хэцүү, буцах хэрэгтэй байна гэсэн. Энэ нөхцөлийн дагуу Улсы онцгой комисст албан бичиг явуулж, зохих зөвшөөрөл авснаар иргэдээ бүртгэж, татаж авах ажлыг зохион байгуулсан.
Энэ сарын 19-23-ныг хүртэлх хугацаанд бүртгэсэн. 745 иргэн буцахаар бүртгүүлсэн. Өнгөрсөн бямба гарагт Сонгиохайрхан дүүргийн Онцгой байдлын шуурхай штабтай хамтран 12 дугаар дунд сургууль дээр өчигдрийн татан авалтаар ирэх 320 хүнээс PCR шинжилгээ авсан. Хариунууд нь энэ сарын 24-нд сөрөг гарсан. Улмаар 25-ны өглөө иргэдээ татан авсан.
Ирсэн иргэдээс дахин түргэвчилсэн шинжилгээ авахад хоёр хүний хариу эерэг гарсан. Баталгаажуулж PCR шинжилгээ хийхэд эерэг нь нотлогдлоо.
Өнөөдрийг хүртэл бид бусад аймаг, нийслэлээс ирж буй бүх иргэнээс түргэвчилсэн тестээр шинжилгээ авч байгаа. Энэ дагуу дээрх шинжилгээг авсан.
Тухайн хоёр хүнийг төрсөн дүүтэй нь гурвууланг нь тусгаарласан. Бусад 38 иргэнийн мөн Дарви суманд тусгаарласан.
Улмаар Улсын болон аймгийн Онцгой комисстой зөвшилцөөд дээрх 41 иргэнийг тусгай үүргийн онгоцоор маргааш Улаанбаатар руу тээвэрлэж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэхээр шийдвэрлэлээ" хэмээн мэдээллээ.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.