Өнгөрсөн долоо хоногт Хонконгийн Сити их сургуулийн байранд байдаг Ардчиллын охин тэнгэр (Goddess of Democracy) хөшөөг тус сургуулийн захиргаа зөвшөөрөлгүй баримал гэх шалтгаанаар буулгасан байна. Энэ нь уг хөшөөг буулгасан Хонконгийн дөрөв дэх их сургууль боллоо.

Ардчиллын охин тэнгэр хэмээх нэртэй хөшөөнүүдийг буулгах ажлыг БНХАУ-ын засаг захиргааны Хонконгийн бүсийн захиргаа хэрэгжүүлж эхэлсэн билээ. Өмнө нь Лингнан Их сургуулийн оюутны хотхонд сүндэрлээстэй байсан ижил загвартай хөшөөг нэг шөнийн дотор буулгасан бол Хонконгийн төв Викториа цэцэрлэгт хүрээлэнд 1996 онд босгосон хөшөөг мөн өнгөрсөн долоо хоногт буулгасан байна. Хонконгийн Хятадын их сургууль (CUHK) мөн оюутны хотхон дотор байсан уг хөшөөг буулгасан. 

1989 оны тавдугаар сарын сүүлээр Бээжин хотын Тяньаньмэний талбайд болсон хятад оюутнуудын ардчиллын төлөөх тэмцэл суларч, хүч буурсан үеэр Хятадын Дүрслэх урлагийн төв сургуулийн оюутнууд 10 м өндөр бамбар барьсан эмэгтэй хүний хөшөө хийж Мао Зедуны хөргийн өмнө өөдөөс нь харуулан босгосон юм.

Уг хөшөөг босгохоос өмнө 10 мянга хүрэхгүй хүмүүс цуглардаг байсан бол хөшөөг босгосны дараа 300 мянган хүн Тяньаньмэний  талбайд цугларсан түүхтэй. Дараа нь зургадугаар сарын 4-ний тэр шөнө Хятадын Ардын чөлөөлөх арми уг хөшөөг нурааж, оюутны бослогыг цус асгаруулан нухчин дарсан эмгэнэлт үйл явдал болсон юм. Уг хөшөө Тяньаньмэний талбайд тавхан хоног байсан юм. Хожим уг хөшөөний дуураймал хувилбаруудыг Хонконг, Сан Франциско, Вашингтон, Ванкувер хотын их сургуулиудад босгосон юм.