Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс хэвлэлийн хурал хийж байна. Уг хуралд МСНЭ-ээс УИХ-ын гишүүн Ц.Гарамжав болон сэтгүүлч Н.Өнөрцэцэг нартай холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ.

Сэтгүүлч Н.Өнөрцэцэг: 

Энэ бол гишүүн Ц.Гарамжав, сэтгүүлч Н.Өнөрцэцэг хоёрын тулаан биш. Үүний ард төсвийн мөнгөөр тоглоод өнгөрдөг явдлыг л дэлгэсэн хэрэг. Би олон нийтэд нээлттэй шүүх.мн гээд шүүхийн албан ёсны сайт дээр байгаа мэдээллийг гаргасан. Бусдын ярьж байгаа шиг хэн нэгний өгсөн баримтаар УИХ-ын гишүүн рүү дайрсан зүйлгүй. 

“Монполимет” ХХК нь 10 тэрбум 615 сая 924 мянга 551 төгрөгийн төлбөрийн төлбөр төлөх үүргээ зохих ёсоор, шударгаар биелүүлээгүй. Анх төлж байсан юм билээ. Гэтэл Гарамжав гишүүн гэнэт нэг л өдөр төлбөрөө төлөхгүй гэж шийдсэн хэрэг. Иймээс Монголбанк Сүхбаатар Дүүргийн Иргэний Хэргийн Анхан Шатны Шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэтэл “Монполимет” ХХК-ийн шүүхэд гаргасан тайлбарын дагуу хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэдэг үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон байсан. 

Энэ хэрэгт "Монполимет" ХХК ялж, 10 тэрбумын төлбөрийг нь Монголбанк Болзошгүй алдагдлын нөөц сангаасаа хааж нам дарагдсан байсан юм.

Гэтэл цаг хугацааны хувьд Ц.Гарамжав нь УИХ-ын гишүүнийн тангараг өргөөд жилийн дараа болсон явдал. Ц.Гарамжав гишүүн хөөн хэлэлцэх хугацааг ашиглаж 10 тэрбум төгрөгийн төлөлтөөс зайлсхийсэн нь энэхүү баримтаар нотлогдоно. Энэ бол их мөнгө. ЖДҮХС-ийн зээлийн хэрэгт холбогдсон гишүүдийн мөнгө гэхэд 950 сая төгрөг. Хэчнээн ЖДҮ хөгжүүлэх мөнгө болох вэ, сургууль цэцэрлэг барихад мөнгөгүй л гэдэг. Тэгвэл энэ мөнгөөр хэчнээн сургууль цэцэрлэг барих бол? 

Намайг Ц.Гарамжав гишүүнд шантааж хийж мөнгө нэхсэн гэх мэдээллийг нийгмийн сүлжээнд цацаж байна. Энэ бол ор үндэсгүй мэдээлэл. Аль ч хэвлэл мэдээллийн байгууллага тухайн хүн, компанийн үйл ажиллагааг сурталчлах, мэдээллийг нь түгээх зорилгоор хамтран ажиллах санал хүргүүлдэг. Энэ мөнгөөр сэтгүүлчдийнхээ цалинг тавьдаг.  Гэтэл үүнийг шантааж хийсэн гээд байгаа юм. Үнэндээ би баримтаа дэлгээд дараа нь тэр талаар Ц.Гарамжав гишүүнээс тодруулсан. Хэрэв шантааж гэдэг байдаг бол би тэрхүү баримтыг сайтдаа дэлгэхээсээ өмнө "Надад ийм мэдээлэл байна" гэж өөрт нь хандах ёстой биз дээ. 

Цементийн үйлдвэртэй, уурхайтай, баян хүнтэй шалдан сэтгүүлч тэмцэнэ гэдэг мэдээж хэцүү байна. Гэхдээ би хоосон зүйл яриагүй. Баримтыг л харуулсан. Гаргасан баримт маань өөрөө ярьсан. Харин Ц.Гарамжав гишүүн баримт дэлгээгүй, зүгээр л шантаажчин гэж элдэвлэж муулж, манай сайтыг гацааж байгаа.

МСНЭ-ийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр:

Сэтгүүл зүйн байгууллага тухайн байгууллага сурталчилсныхаа төлөө төлбөр авдаг. Энэ мөнгөөр үйл ажиллагаа явуулж, сэтгүүлчдээ санхүүжүүлдэг. Үүнийхээ төлөө айж ичээд байх хэрэггүй. Энэ бол шантааж биш. Сэтгүүлч бол тодорхой асуудлыг дэлгэж түүнийгээ хамгаалах ёстой. Үүний төлөө ямар ч сэтгүүлч дарамтад орох ёсгүй. 

Бид хараат бус сэтгүүл зүйн төлөө зүтгэх цаг нь болсон.  Салбараараа нийлж тэмцмээр байна. Иргэдэд хандаж хэлэхэд албан ёсны сайтаас мэдээллээ аваарай. Сэтгүүлч Н.Өнөрцэцэг рүү нэр хаяггүй сайтаар дайрч байна. Харин ч сэтгүүлч Н.Өнөрцэцэг рүү дайрч байгаа УИХ-ын гишүүнд ёс зүй гэж алга. Бид сэтгүүлчээ хамгаалах болно. 

Сэтгүүлч хүн ганцаардах үе байдаг. Би өөрөө ч үүнийг амссан. Хэн ч сэтгүүлчийг хамгаалахгүй, дуугарахгүй байхад үнэний төлөө тэмцэх асар хүнд байдаг.  Тиймээс бид цагдаа, тагнуул, кибер гэмт хэрэгтэй тэмцэх газар хандаж, хуурамч мэдээлэл цацаад байгаа хаягны ард хэн байгааг илрүүлж хариуцлага тооцуулна. Сэтгүүлч хүн микрофоноо барьж очоод та яагаад 10 тэрбум төгрөгийн зээлээ Монголбанкаар хаалгаж байгаа юм бэ гэж асуусан нь шантааж биш.