БРЮССЕЛЬ. /BBC/. Өнгөрсөн онд 95 сэтгүүлч ажил үүргээ гүйцэтгэж байх үедээ амиа алдсан тухай Олон улсын сэтгүүлчдийн холбооноос /IFJ/ мэдээлжээ. 

Энэ тоог 2017 оны ижил үзүүлэлттэй харьцуулахад өссөн хэдий ч Ирак, Сирид зөрчил мөргөлдөөн газар авч байсан өмнөх жилүүдийнхтэй харьцуулахад буурсан байна. 2006 онд хамгийн олон буюу 155 сэтгүүлч амиа алдаж байв. 

2018 онд Саудын Арабын сэтгүүлч Жамаль Хашогги амиа алдсан явдал дэлхий дахины анхаарлыг хамгийн их татсан юм. Тэрбээр өнгөрсөн 10 дугаар сард Турк улс дахь Саудын Арабын Консулын газар руу орсны дараа амиа алдсан билээ. 

Энэ явдал нь хоёр орны хооронд дипломат хямралыг үүсгэж, олон улсын шүүмжлэлийг ихээхэн дагуулсан юм. 


Олон улсын сэтгүүлчдийн холбооны тайланд дурдсанаар, 2018 онд Ази Номхон Далайн орнуудад 32 сэтгүүлч амиа алдсан бол Америк тивийн орнуудад 27, Араб, Ойрхи Дорнодын орнуудад 20, Африкийн орнуудад 12, Европын орнуудад 4 сэтгүүлч амиа алджээ. 


Аль улс хамгийн аюултай вэ?


Афганистан улс нь сэтгүүлчдийн хувьд хамгийн аюултай орнуудын нэг хэвээр байгаа бөгөөд өнгөрсөн онд тус улсад хамгийн олон буюу 16 сэтгүүлч амиа алджээ. Нийслэл Кабул хотод тэсрэх бөмбөг дэлбэлэн халдлага үйлдсэний улмаас 9 Афганистан сэтгүүлч нэгэн зэрэг амиа алдсан байна. Үүний зэрэгцээ Афганистаны зүүн нутгийн Хост мужид болсон цуврал халдлагын үеэр “BBC” сувгийн сэтгүүлч Ахмад Шах амиа алджээ. 


Өнгөрсөн онд АНУ-д мөн олон сэтгүүлч амиа алдсан бөгөөд Мэрилэнд муж улсын “Capital Gazette” сонины газар нэгэн эрэгтэй халдлага үйлдсэний улмаас 5 сэтгүүлч амиа алдсан байна. 

Сэтгүүлчдийг хамгаалах хороо /CPJ/ жил бүрийн 12 дугаар сарын эхээр хоригдож буй сэтгүүлчдийн талаарх мэдээллийг олон нийтэд дэлгэдэг юм. 2018 онд хамгийн олон сэтгүүлч хоригдсон улсуудыг дурдвал, Туркад 68 сэтгүүлч, БНХАУ-д 47, Египетэд 25, Саудын Араб, Эритрей улсад тус тус 16 сэтгүүлч хоригджээ



Эх сурвалж: Монцамэ агентлаг