Энэ зуны турш Япон улс даяар үргэлжилсэн хэт халалт нь тус улсын жижиг, дунд бизнес эрхлэгчдэд ихээхэн сөргөөр нөлөөлсөн тухай тус улсын Худалдаа, аж үйлдвэрийн танхимын явуулсан судалгаанд тэмдэглэжээ.

8 дугаар сарын дундуур явуулсан энэхүү судалгаанд 3700 орчим жижиг фирм оролцсон аж. Судалгаанд оролцогчдын 82 орчим хувь нь хэт халалт тэдний бизнесийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлсөн гэж хариулсан байна.

Үүний шалтгааныг асуухад, агааржуулагч болон хөргөх төхөөрөмжийн хэрэглээ ихээхэн нэмэгдсэн тул зардал өсөхөд хүргэсэн гэж судалгаанд оролцогчдын 70 орчим хувь нь хариулсан бол 33 хувь нь ажлын цаг багасч, бүтээмж буурсантай холбоотой гэж үзжээ. Харин 28 хувь нь "хэт халуун цаг агаар нь хэрэглэгчдийг үргээж, бараа бүтээгдэхүүний борлуулалт буурахад хүргэсэн" гэх хариултыг өгсөн аж.

Японы Худалдаа, аж үйлдвэрийн танхимын төлөөлөгч Койчи Арайгийн хэлснээр, хэт халалтын сөрөг нөлөө нь тооцоолж байснаас хавьгүй өндөр байсан аж. Хүйтэн ундааны борлуулалт өсч, агааржуулагчийг удаан ажиллуулснаас цахилгааны төлбөр өндөр гарсны зэрэгцээ бусад зардлууд ч ихээхэн нэмэгдсэнийг тэрбээр онцлон тэмдэглэсэн байна.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг