Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-аар хэлэлцэж буй Өмгөөллийн тухай хуулийн төсөлд санал хүргүүлэхээр өчигдөр УИХ-ын дарга Г.Занданшатарт албан бичиг илгээсэн. /Энд дарж бүрэн эхээр нь уншина уу/

Ерөнхийлөгчийн тавьж буй санал бүхий тус албан бичгээс онцлох 10 эшлэлийг хүргэж байна.

1. Нийтийн эрх ашгаас илүүтэй тодорхой бүлэглэлийн ашиг сонирхолд дөрлөгддөг, аливаа салбарын ахиц дэвшилттэй бодлого, зорилтуудыг сонгууль бүрийн дараа орвонгоор нь өөрчилдөг, залгамж чанаргүй, тогтворгүй төрийн бодлого гол бэрхшээл болж байгааг бүх түвшиндээ анхаарч, дүгнэлт хийх цаг нь болсон байна.

2. Төлөвшин бэхжих үедээ яваа, үр дүн нь бүрэн мэдрэгдэх болоогүй шинэчлэлт, өөрчлөлтөөс ухарч няцах нь оновчтой шийдэл биш.

3. Асуудлыг зүй ёсоор дүгнэж, эрүүдэн шүүх үйл ажиллагааг илрүүлэх процессын хуулиуддаа анхаарах ёстой байтал Өмгөөллийн бие даасан хуульгүй болсноор алдаа, завхрал гарч байна хэмээн төөрөгдүүлэх, хууль тогтоочид болон олон нийтийн анхаарлыг иймэрхүү эмзэг асуудалд хандуулах замаар шинэлэг тогтолцоог нураах нь хэнд ашигтайг ойлгох аргагүй байна.

4. Өмгөөлөгчийн эдлэх ёстой эрх, үүргийг бүрэн хангах, өмгөөлөгч үйлчлүүлэгчийн хоорондын харилцаа, нууцлалыг хамгаалах зэрэг чиглэлд хуулийн өөрчлөлтийг хийх шаардлагатай байна.

5. Өнгөрсөн 27 жилийн хугацааны 18 жилд нь ажиллаж ирсэн хуучин тогтолцоог сэргээж, улмаар хууль зүйн салбарт хийгдсэн өөрчлөлт, шинэчлэлтийг буцаан нураах бүлэг хүмүүсийн далд зорилгыг гүйцэлдүүлэх нь нийгэмд ашиггүй төдийгүй хууль зүйн салбарын хөгжлийг тушихаас өөр тодорхой үр дүн, ахиц дэвшил авч ирэхгүй гэсэн дүгнэлтэд зүй ёсоор хүргэж байна.

6. Өмгөөллийн тухай хуулийн төсөлд туссан Өмгөөлөгчдийн холбоо байгуулахтай холбогдсон заалтуудыг бүрэн хасахыг санал болгож байна.

7. Өмгөөллийн тухай хуулийн төслийг дагалдуулсан хуулийн төслүүдээс энэ чиглэлийн өөрчлөлт, шинэчлэлт огт харагдахгүй байна.

8. Өмгөөллийн тухай хуулийн төслийг санаачлагч нь эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа иргэн, хуулийн этгээд болох өмгөөлөгчид болон Монголын Хуульчдын холбоогоор уг хуулийн төслийг хэлэлцүүлж, санал авах ажиллагааг албан ёсоор хийгээгүй.

9. Хуулийн төслийн зорилтод тусгасан өмгөөлөгчдийн мэргэжлийн өөрөө удирдах ёсны байгууллага байгуулах үйл ажиллагаанд төрийн захиргааны байгууллага хутгалдан оролцох, өмгөөлөгчдийн байгууллагын үйл ажиллагаанд нь хяналт тавих, зарим журмыг нь батлах хүртэл эрхийг хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад олгохоор тусгасан  байгаа нь бие даасан, хараат бус тогтолцоо бүрдүүлэх зорилгоос бүрэн гажиж байна.

10. Төрийн бодлогын залгамж чанар, тогтвортой байдал, ололт амжилтыг үгүйсгэсэн, ухарч няцсан, нийгмийн хэрэгцээ, шаардлагыг харгалзсан гэхээсээ илүүтэй хэсэг бүлгийн ашиг сонирхлыг гүйцэлдүүлэхийг зорьсон ийм бодлогыг хэрхэвч дэмжихгүй гэдгээ үүгээр мөн илэрхийлье