Б.Баясгалан
07 сарын 10, 2018
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга өнөөдөр тохиож буй Монгол Улсын Төрийн далбааны өдөрт зориулсан цэргийн ёслолын жагсаалыг нээж үг хэллээ.
Монгол Улсын Төрийн далбааны өдөрт зориулсан цэргийн ёслолын жагсаалыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.
“Монголчууд аа,
Зэвсэгт хүчний дайчид аа, офицер, генералууд аа
Зочид оо,
Та бүхэнд Монгол Улсын Төрийн далбааны өдрийн мэндийг хүргэе.
Төрт ёсны гурван их бэлгэдэл нь эртнээс Төрийн далбаа, Төрийн сүлд, Төрийн дуулал байж ирсэн. Монголчууд бид төрт ёсны өнө эртний түүхтэй ард түмэн билээ. Азийн анхны төрт улсуудыг байгуулж явсан бидний өвөг дээдэс, домогт нүүдэлчид улсын туг далбаа, туг сүлдээ сүслэн дээдэлж, гүн хүндэтгэл үзүүлж ирсэн уламжлалтай билээ.
Энэ уламжлалыг орчин цагийн хандлага, соёлтой нийцүүлэн 2009 оноос албан ёсоор Төрийн далбааны өдрийг тэмдэглэх болсон. Монголчууд олон улс, тив, дэлхий, олимпийн тавцанд ялалтаа тунхаглан омогшиж бахархахдаа, улс орноо төлөөлөн дэлхийн өнцөг булан бүрт үүрэг гүйцэтгэхдээ, эх орноороо бахархаж, эх түүхээ хайрлахдаа алтан соёмбот далбааныхаа дор нэгддэг. Бид нэгдэн нягтрах, урагшлан хөгжих эрмэлзэл, нэгэндээ хүч дэм өгөх, сэтгэл зүрхээ чангалж, урам авах үедээ энэ л тугийн дор нэгддэг.
Энэ жилийн Төрийн далбааны өдрийн өмнөхөн “Орон нутгийн хамгаалалтын тухай хууль” батлагдлаа. Хуулиар иргэдийн эх орноо батлан хамгаалах үүргийн талаарх Үндсэн хуулийн заалт амьдралд бүрэн утгаараа хэрэгжих нөхцөл бүрдэж байгаа юм. Иргэн, хуулийн этгээд, төрийн байгууллагын орон нутгийн хамгаалалтын бүрэн эрх, чиг үүргийн уялдаа хангагдаж, батлан хамгаалах нэгдмэл тогтолцоо цогцоор хангагдах эрх зүйн үндэс бүрдлээ. Зэвсэгт хүчний албан хаагчид, Монгол Улсын иргэд та бүхэн эх орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг хангахад өөр өөрсдийн хувь нэмрийг оруулж байгаа. Эх орон, тусгаар тогтнол бол иргэн бүрийн сэтгэлд оршиж, монгол хүн бүрийн зориг эрмэлзлээр дархлагддаг ариун нандин зүйл билээ. Үүнийг нэгтгэж, хийморьлож, дэрвэж байдаг алтан соёмбот Төрийн далбаа бол бидний хүндлэл, Монгол Улсын тусгаар тогтнолын илэрхийлэл юм. Энэ далбаа үеийн үед хөх тэнгэртээ ихэмсэгээр намирч байх болно.
Нийт монголчууддаа, Монгол оронд зочлон ирсэн анд нөхөд, жуулчдад Монгол Улсын Төрийн далбааны өдрийн мэндийг дахин дэвшүүлье.
Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс бадран хөгжих болтугай.
Ура нөхөд өө” гэв.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар баярын энэхүү өдөр Улаанбаатар цэргийн хүрээний нэгтгэл, ангиуд цэргийн ёслолын жагсаал хийдэг уламжлалтай болсон юм.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.