Г.Мөнхзаяа: Харшлаас хол байя л гэвэл монголчууд ноолууран хувцасаа л өмсөх хэрэгтэй

Монголын ноолууран хувцасны загварт эрс өөрчлөлт хийж, амжилттай ажиллаж буй MCK cashmere брэндийн үйл ажиллагаа хариуцсан захирал Г.Мөнхзаяатай ярилцлаа. Тус компани хэдийгээр ноолуурын салбарын отгон компани хэдий ч  бүтээгдэхүүнийхээ 90 гаруй хувийг Азийн улс орнууд руу экспортлодог аж.

Дэлхийд танигдсан MCK брэндээ монгол хэрэглэгчдэдээ хүргэхийг хүсдэг

Манай брэндийн нэр Mongolian Cashmere King буюу MCK. Ноос ноолуурын салбарт үйл ажиллагаа явуулаад таван жил болж байна.  Үүсгэн байгуулагч маань Д.Даваасүрэн гэж уйгагүй хөдөлмөрч бүсгүй бий. Манай салбарынхан Кориа Давка нэрээр нь андахгүй ээ.

Бид MCK брэндийнхээ бүтээгдэхүүний 90 хувийг экспортод тэр дундаа Ази руу гаргадаг.  Өнөөдөр загварын зах зээлд өндөр шалгууртай гэдгээрээ алдартай Солонгосчууд манай томоохон захиалагч, хэрэглэгчид болжээ.  Тэдний өндөр шалгуурыг давж, хүсэлт хэрэгцээг нь ойлгож өнөөдрийг хүртэл итгэлийг нь алдалгүй ажиллаж ирсэндээ бахархдаг. 

Солонгост зарагдаж буй ноолууран бүтээгдэхүүний хувьд загвар, чанар, Монголоос гаралтай гэдэг нь их чухал учраас бид Made In Mongolia гэж шошгодоо заавал оруулсаар ирсэн. Манай ноолуурыг өмссөн хэрэглэгчид маань 100% сэтгэл хангалуун байдаг. Нэг удаа худалдан авалт хийсэн бол дараа дахин хэрэгцээ гарвал заавал манайд ирдэг нь үүний баталгаа байх.

Солонгосчууд гадны улсын дэлгүүрт ороод өөрийнхөө л улсын үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг авдаг эх оронч хүмүүс. Ийм үндсэрхэг хүмүүсийн худалдан авдаг брэндийн тоонд орж зах зээл маань тэлсээр байгаа учраас бид илүү хичээн ажилладаг. 

Энэ мэтээр өнгөрсөн хугацаанд гадаад зах зээлээ түлхүү анхаарч, чанар, стандарт, загвараа үргэлж сайжруулан ирлээ. Цаашид манай хамт олон дотоодын хэрэглэгчдэдээ зориулан цөөн тоогоор гардаг тансаг, биед тухтай ноолууран бүтээгдэхүүнүүдээ хүргэхээр ажиллаж байна.

Диорийн бүтээгдэхүүн үү, монгол ноолуураа өмсөх үү?

Зарим хүн ноолуур гэхээр л зөвхөн хүйтэн сэрүүний улиралд өмсдөг гэж эндүүрдэг. Үнэндээ дулааны улиралд ч хүний биеийн хэмийг барьж чаддаг гайхалтай хэрэглээтэй хувцас.

Ноолуур гэхээр хүмүүс байдаг хэдэн загвар, үндсэн хэдэн өнгөөр төсөөлдөг тал бий.  Үнэндээ ноолуурын загварт болохгүйн хязгаар гэж үгүй. Үүнийг манай MCK-ийн ганц жилийн дотор гарч буй 400 гаруй загвараас харж болно.  Анх бид 100-аад загвар хийж үйл ажиллагаагаа явуулж эхэлж байв.

Зарим үйлчлүүлэгч нар маань манай нэрийн дэлгүүрт орж ирээд “Ноолуур ийм гоё загвартай байдаг аа” гэж дуу алддаг. Нэг харилцагч над руу залгаад “Би хэзээ ч ноолууран даашинз өмсөнө гэж төсөөлөөгүй, ингэж зохино ч гэж бодоогүй. Ийм гоё загваруудаа хүмүүст хүргээч” гээд ярихыг сонсоод маш их урам авсан. Бид өнөөдрийг хүртэл чимээгүй ажиллаж, хийсэн ажил маань өөрөө ярих ёстой гэсэн зарчмыг баримталж яваа. 

Тэгэж уулга алдаад гайхшраад байгаагийн цаана манай брэндийн дизайнер Ли Жэ Хи гэж солонгос бүсгүй бий. Манай үйлчлүүлэгчид “Танайх ямар гоё загвартай юм бэ?” гэж их хэлдэг, хариуд нь манай худалдааны төлөөлөгч “Манайх Солонгос загвар зохион бүтээгчтэй” гэхээр “тийм байх аа” гэдэг гэсэн.     

Үйлдвэрлэгч хүний зүгээс харахад эх оронч үзэл гэдэг яг л солонгосчууд шиг эх орондоо үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ худалдан авч, элэг нэгтнүүдээ дэмжихийг хэлдэг юм байна. Ийм учраас л ноолуур гэлтгүй эх орондоо үйлдвэрлэсэн бүхнийгээ дэмжин худалдан аваасай гэж монголчууддаа уриалмаар санагддаг.

Кофены үнэр ноолуурын тансаг байдал хоёр хосолдог

Манай концепц өөрөө аялал жуулчлалаа дагаад зочид буудлуудын доор байршдаг. Тухайлбал Тэрэлж, Алтаргана, Рамада, Гранд Хилл гээд зочид буудлын доор салбартай. Кофе шоптой гэсэн ялгаралтай тул тав тухтай орчинд хэрэглэгчдэдээ үйлчилгээ үзүүлэхийг эрхэмлэдэг. Та анзаараад үзээрэй, кофены үнэр бас ноолуурын тансаг байдал хоршиж чаддаг.

Монголд анх удаа кофе шоптой нэрийн дэлгүүрийн концепцийг ажиллуулж байгаа учраас гадныхан ч үйлчлүүлэх маш дуртай. Жуулчид манай бүтээгдэхүүнийг чемодон чемоданаар нь худалдан авдаг.

Өндөр хөгжсөн улс орнууд ууж идэх хоол хүнсэндээ төдийгүй өмсөх зүүх хувцсандаа органик байдлыг эрхэмлэдэг болсон. Тийм учраас л тэд ноолууран хувцасанд ач холбогдол өгч зорин худалдаж аваад байгаа хэрэг. 

Сүүлийн үед манайхан харшилтай боллоо гэж их ярих болсон. Энэ бол бидний хувцас хэрэглээндээ анхаарах ёстойг сануулж буйн илрэл гэж би хардаг. Яагаад гэвэл хүний биеийн ихэнхи хэсгийг бүрхсэн арьс гэдэг зүйлээ анзаарах ёстой. 

Хэрэв химийн гаралтай бүтээгдэхүүн ашигласан түүхий эдээр хувцас байнга өмсөөд байвал харшилтай болох эсэх нь цаг хугацааны асуудал юм. Тиймээ л монголчуудаа ноос ноолууран бүтээгдэхүүнээ хэрэглээсэй гэж аминчлан захимаар байдаг.

Үнэ цэнтэй бас буянтай бүтээгдэхүүн бол ноолуур

Ноолуур гэдэг амьд ширхэгтэй байгалийн гаралтай, хөвөн зөөлөн, дулаан, тансгаас гадна загварлаг онцгой бүтээгдэхүүн.

Манай монголчууд хоёр зүйлийг граммаар хэмждэг. Нэг нь та бидний сайн мэдэх метал болох алт, нөгөө нь ноолуур шүү дээ. Нэг нь газрын баялаг буюу шавхагддаг нөөцөөс эхтэй. Харин ноолуур нь монгол ахуйн бүтээл буюу газар дээрх цагаан алт юм. Сая орчим малчдын амьжиргааны гол эх үүсвэр төдийгүй ноос ноолуурын салбарыг тэтгэж олон хүнийг ажил амьдралтай нь залгуулдаг буянтай ч бүтээгдэхүүн.  

Өнөөдөр монголчууд дэлхийн ноолуурын түүхий эдийн 50 хувийг бэлтгэж байна. Тэгсэн мөртлөө өөрсдөө ноолуурынхаа ердөө л 20 хувиар нь эцсийн бүтээгдэхүүн хийж өндөр хөгжилтэй улс орнууд руу гаргаж  байна. Хэрвээ эцсийн бүтээгдэхүүний хувь өсвөл манай улсын экспортод, эдийн засагт маш чухал хувь нэмэр болно.

Илүү ихийг мэдэхийг хүсвэл энд дарж MCK брэндийн хуудаст зочилж авна уу

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.