Истанбул дахь Консулын газрын дэд консул Б.Баттүшиг, жолооч н.Эрдэнэбилэгийн хамт Чех улсаас ХБНГУ-ын хилээр нэвтэрч байх үедээ дипломат дугаартай автомашинаар 70 кг хар тамхи зөөвөрлөж байгаад саатуулагдсан билээ.

Б.Баттүшиг өмнө нь тусгай ажилтнаар ажиллаж байсан гэдгийг ТЕГ-аас мэдэгдсэн. 

Тэрбээр өмнө нь ГХЯ-ны шугамаар хоёр ч удаа үүрэг гүйцэтгэж байсан, дипломат ажилтан юм. Тухайлбал Истанбул дахь Консулын газарт томилогдохоос өмнө Бангкок дахь Монголын Элчин сайдын яаманд томилогдож ажилласан байдаг.

Харин Эрдэнэбаярын хувьд олон ЭСЯ төдийгүй ГХЯ-ны гурван сайдын жолоочоор ажилласан, дипломат албаны туршлагатай нэгэн аж.

Эдгээр ажилтнуудыг өөрсдөө хар тамхи худалдаалаагүй, тээвэрлэлтийн үүрэг гүйцэтгэсэн байж болзошгүй хэмээн үзэж байгаа юм.

Эдгээр хар тамхи зөөвөрлөсөн монголын дипломат ажилтнуудыг хэрхэн хууль эрх зүйн хариуцлага хүлээлгэх нь асуулт дагуулдаг.

Герман улстай Монгол Улс эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх хэлэлцээр байхгүй тул уг хэрэг Германы хуулийн дагуу шийдэгдэх юм. Урьдчилсан таамгаар ХБНГУ-ын Эрүүгийн хуулиар хар тамхины хэрэгт хамгийн багадаа 5 цаашлаад 15-аас дээш жилийн хорих ял сонсох магадлалтай аж.

Харин Монголын талаас ГХЯ-аас дипломат ажилтан бүртэй байгуулдаг гэрээ ёсоор тухайн ажилтнаас томилогдон очсон бүх зардлыг тооцон нөхөн төлүүлдэг байна.

Өөрөөр хэлбэл томилогдсон хугацаанд авсан бүх цалин хөлс, гэр бүлийг нь авчирсан зардал, амьжиргааны хөлсийг эргэн төлүүлээд зогсохгүй дахин шинээр томилогдох дипломат ажилтныг зардлыг төлөх үүрэг хүлээх аж.

Өнгөрсөн онд хар тамхины хэргээр гадаадад 53 хүн холбогдон саатуулагдсан байна.