Сассексийн гүнгийн авхай Меган Маркл бяцхан охин төрүүлж, хоёр дахь хүүхдээ өлгийдөн авсан тухайгаа өнөөдөр мэдэгджээ. 

Хэвлэлийн мэдээлж байгаагаар "Сассексийн гүн болоод гүнгийн авхай Меган Маркл, ханхүү Харри нарын хувьд охинтой болсон нь үнэхээр их баяр хөөрийг дагуулж байгаа" хэмээжээ. 

Тэд охиноо ханхүү Харригийн ээж гүнж Дианагийн нэрээр нэрийдсэн бөгөөд бүтэн нэр нь Лилибет "Лили" Диана юм. Охин өнгөрөгч Баасан гараг буюу 6 дугаар сарын 4-ны өдрийн өглөөний 11:40 минутад Санта Барбарагийн төрөх эмнэлэгт мэндэлсэн байна. 

Лили төрөхдөө 3.5кг жинтэй гарсан ба эх, хүүхдийн бие тун сайн, гэрийн асаргаанд байгаа ажээ.

Лилибет нэрийн учрыг тодруулбал эрхэм дээдэс, хатан хаан Элизабетийг гэр бүлийнхэн нь Лилибет хэмээн дууддагаас улбаатай юм.

Хосуудын ууган хүү Арчи Харрисон ийнхүү 2 ойтойдоо дүүтэй болж байгаа нь энэ билээ. 

Тэд өнгөрөгч гуравдугаар сард бяцхан охиноо хүлээж байгаа тухай Опра Уинфригийн шоунд оролцохдоо дурдаж байсан юм. 

Бяцхан Лили охин хатан хааны 11 дэх ач болон мэндэлж байгаа ба хаан ширээний өвийн жагсаалтын 8 дугаарт бичигдэж байгаа ажээ. Түүний өмнө өвөг эцэг нь болох ханхүү Чарльз, авга ах, ханхүү Уиллам, түүний гурван хүүхэд болох Жорж, Шарлотте, Луи, аав, ханхүү Харри болон ах, Арчи нар бичигдэж байгаа юм. 

Түүнчлэн охин АНУ-д мэндэлсэн нь далайн чанадад мэндэлсэн дээдсийн гэр бүлийн язгуур угсаа хамгийн дээгүүр гишүүн болгожээ. Басхүү охины иргэншлийн хувьд АНУ болоод Их Британи улсуудын давхар иргэншил эзэмших бөгөөд хэтийн ирээдүйд хэрэв охин өөрөө хүсвэл хаан ширээний өв залгамжлагчдын жагсаалтад бичигдэхийн сацуу АНУ-ын ерөнхийлөгч болж ч болох юм. 


Эх сурвалж: CNN