Б.Баясгалан
02 сарын 07, 2020
Ардчилсан намын зарим албан тушаалтнуудад эрүүгийн хэрэг үүсгэсэнтэй холбоотой асуудлаар тус намаас өнөөдөр мэдээлэл хийлээ.
Мэдээллийн эхэнд АН-ын гишүүн Б.Дэлгэрмаа "Энэ сарын 05-нд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шүүгч н.Галбадрах даргалсан шүүх хуралдаанаар АН-ын өндөр албан тушаалтай хоёр хүнийг яллагдагчаар татаж, цагдан хорих арга хэмжээ авсан. Тодруулбал, АН-ын Улс төрийн бодлого төлөвлөлтийн газрын дарга Ц.Уртнасан, АН-ын Санхүүгийн албаны дарга Ч.Чулуунчимэг нарыг баривчилсан. Дээрх хүмүүс нь Нийгмийн даатгалын ерөнхий газарт ажиллаж байсан.
Үүнийг АН удахгүй болох УИХ-ын сонгуультай холбоотой эрх баригчдын зүгээс зохион байгуулалттайгаар АН руу дайрч буй улстөрийн акц гэж үзэж байна. Тиймээс АН-ын удирдлагууд, хуульчид сүүлийн хоёр хоног хуралдаж, нөхцөл байдлын үнэнийг олон нийтэд тайлбарлах нь зүйтэй гэж шийдвэрлэсэн. Шинэ цагт ингэж улстөржиж, хүмүүсийг хэлмэгдүүлж болохгүй" хэмээлээ.
Үргэлжлүүлэн АН-ын дэд дарга Х.Тэмүүжин "Болж буй хэрэг явдалтай холбогдуулж, хэд хэдэн баримт ярих нь зүйтэй юм байна гэж үзсэн.
Хэрэгт шалгагдаж буй Ц.Уртнасан НДЕГ-ын даргаар ажиллаж байхдаа буюу 2013-2016 онд өмнө нь явж байсан гэрээ хэлцлүүдийг шинэчлээд банкинд Нийгмийн даатгалын санг байршуулсан үйл явцаас 268 тэрбум төгрөгийн ашиг олсон байдаг. Өөрөөр хэлбэл, 2013-2016 онд өмнөх 7-8 жилийн хугацаанд олж байсан 47 тэрбум төгрөгийн ашгийг 268 тэрбум төгрөг хүртэл ашигтай ажиллуулсан.
2017-2019 онд ЭМДЕГ-ын дарга болон нийгмийн даатгалтай холбоотой албан тушаалтнууд энэ төрлийн гэрээг өмнөхийн адил банкинд байршуулан ажиллах явцдаа 268 тэрбум төгрөгтэй дүйцэхүйц мөнгийг банкны дампууралд алдсан. Эндээс хэн нь хариуцсан ажлаа үр дүнтэй хийсэн, хэн нь хариуцлага алдав гэдгийг харж болно.
Хуулийн байгууллага энэ асуудалд ямар нэгэн сэжиг байна, шалгах ёстой гэж ажиллаж байгаа бол АН үйл ажиллагаанд нь саад учруулахгүй. Харин захиалгаар улстөрийн өрсөлдөгчөө харлуулах, хонжоо олох гэж оролдож буй бол АН хатуу эсэргүүцнэ.
Яагаад ингэж хэлж байна вэ гэхээр 2013-2016 онд Ц.Уртнасангийн байгуулсан гэрээгээр НДЕГ ашигтай ажилласан гэсэн аудитын дүгнэлтийг 2017 онд УИХ хүлээн зөвшөөрсөн.
Харин 2017 оноос Н.Номтойбаяр, С.Чинзориг зэрэг хариуцсан сайдууд нь албан тоот илгээж, гэрээг шинэчилсэн байна.
Тодруулбал, Н.Номтойбаяр сайдын 2017 оны 8 дугаар сарын 31, №179 албан тоотод "Тус зөвлөлийн тогтоолоор батлагдсан Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдэл хуримтлалын сангаас арилжааны банкинд мөнгөн хадгаламж хэлбэрээр байршуулах журмын 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэгт заасны дагуу Капитал банкинд 45 тэрбум төгрөгийн мөнгөн хадгаламжийн гэрээ байгуулахыг зөвшөөрч байна" гэжээ.
2017 онд сайд нь ингэж зөвшөөрөл өгсөн байна. Улмаар бүх гэрээг шинэчилж байгуулсныхаа үр дүнд Нийгмийн даатгалын сантай холбоотой том эрсдэл хүлээсэн. Тэр эрсдлээ одоо ажиллаж буй буюу гэрээг шинэчилсэн хүмүүсийн хариуцлагатай холбохгүйгээр өмнө нь ашигтай ажилласан нь бүх дүгнэлтээр тогтоогдсон хүмүүст зорилготойгоор тохож, Эрүүгийн хэрэг үүсгэн ажиллаж байгаа нь шударга биш байна.
Энэ үйл ажиллагаагаа улстөрийн нөхцөлд тааруулан хийж буй нь зохисгүй байна.
Н.Номтойбаярын дээрх албан бичигтэй адил С.Чинзориг сайдын гарын үсэгтэй 2018 оны 6 дугаар сарын 14-ны №100 тоот шийдвэр ч байгаа" хэмээн мэдээллээ.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.