Б.Баясгалан
07 сарын 11, 2019
Тулгар Төрийн 2228, Их Монгол улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадам эхэллээ.
Наадмыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэлснийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Тэрбээр "Монголчуудаа, Дэлхий даяар тархан суурьшсан Монгол туургатнуудаа, Та бүхэнд Монгол түмний их цэнгэл Үндэсний баяр наадмын дэлгэр мэндийг өргөн дэвшүүлье.
Өнөө жил Монгол Тулгар Төрийн 2228, Их Монгол улс байгуулагдсаны 813, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108, Ардын хувьсгалын 98 жил, наашлаад Ардчилсан хувьсгалын 30 жилийн ой тохиож байна. Түүхийн эдгээр тод тооллыг хэрэглэж, хэвшсэн явдал нь бид түүхээрээ бахархахын зэрэгцээ сургамж захиасын авахын тулд гэдгийг сануулъя. Түүх соёлоо танин мэдэхийн хэрээр хүнд эх оронч сэтгэл, үндэсний үзэл, ирээдүйн өмнө хүлээх үүрэг хариуцлага, ухаарал, төлөвшил сууж байдаг. Тэр тусмаа Монголын түүх бол дэлхийн түүхийг бүтээж, энх амгаланг тогтоож явсан өвөг дээдсийн маань бидэнд үлдээсэн хамгийн том өв, бахархал юм.
Наадам бол Монголчууд бидний өвөг дээдэс, түүхт эх нутгаа үзүүлж буй өргөн хүндлэл, дээдсийн сүр сүлд, ивээл хүчийг хурайлсан бэлгэдлийн цогцолбор, зан үйл хийгээд өнө эртнээс уламжлан авч яваа өв их соёл, хүн бүрийн чин сэтгэл, хөөр баясал илэрдэг бахархалт ёслол билээ.
Төрт ёсны их баяр цэнгэлт наадмаараа түүх соёлынхоо эх улбааг тодотгон дэвжээж, хүчит бөхчүүд маань уран мэхийг уралдуулан, үнэн хүчийг үзэн барилдаж, эрдэмт уяачид ажнай монгол морьдоо уяж хурдлуулж, мэргэн харваачид маань эрхий мэргэн, харааны цэцийг сорин түмэн олноо баясган цэнгүүлсээр байх учиртай.
Эрийн гурван наадам гэх нэршлээсээ эхлээд хүчит бөхийн барилдаан, хурдан морины уралдаан, сурын мэргэн харваа бол монгол эр хүний эрдэм чадал, үнэлэмж, шалгуурыг тодорхойлж ирсэн эртний түүхт уламжлал ёсон. Монголчууд эр хүний энэ гурван эрдэмд түшиглэн эх түүхээ бүтээж, өв соёлоо цогцлоож, гүрэн улсаа байгуулсан.
Монгол төрийн их наадам нь та биднийг бие сэтгэлээрээ жинхэнэ монгол хүн хэмээн ойлгуулж, ижилсүүлдэг баяр. Түүнчлэн Монгол хэмээх давтагдашгүй өвөрмөц соёл, ялгамжтай үндэстэн болохыг илтгэдэг үйл явдал. Энэ баяраараа бид эртний түүхт Монголынхоо бахархлыг бадрааж, үндэстнийхээ соёлыг мандуулдаг. Тийм ч учраас гайхамшигт Монгол наадмыг ЮНЕСКО-гийн өвд бүртгэж, дэлхийн соёлын өв хэмээн тодорхойлсон юм.
Дэлхийн өнцөг булан бүрээс зорин ирсэн хүндэт зочид, жуулчид, анд нөхөддөө тусгайлан талархал илэрхийлье. Монгол оронд морилж, Монгол наадмын таалан болгооно уу.
Эрхэм соёлт наадамчид аа,
Монгол орон дэлхий даяар тархан суурьшсан монгол хүн бүр монгол наадмаа сэигэл тэнэгэр, бахархал дүүрэн, өлзий төгс, хувь тэгш тэмдэглэхийг ерөөе.
Сайхан наадаарай.
Наадмынхаа дараа бид 1992 онд тунхагласан Ардчилсан Үндсэн хуулийнхаа амжилт, ололтыг ахиулж, алдаа дутагдлыг засах түүхэн хариуцлагатай цаг үе тохионо.
Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын баталгаа, оршин тогтнохын эх үндэс болсон Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажилд иргэн бүр ирээдүйнхээ төлөө анхаарал, хариуцлагатай хандаж, идэвхи оролцоогоо хангах нь юу юунаас чухал болохыг нийт ард иргэддээ зарлан сонордуулъя.
Өнөөгийн та бидэнд тусгаар тогтнол, түүх соёлоо ямагт зүрхэн толь, нүдний цөцгий мэт эрхэмлэн хайрлаж явах түүхэн үүрэг буйг Монгол наадам маань бидэнд сануулж байна.
Бүрэн эрхт тусгаар Монгол Улс байгаа цагт Үндэсний их баяр наадам мөнх орших болно.
Их эзэн, эцэг дээс Чингис хаан минь ээ,
Хүлэг морьд чинь хурдан, хүчит бөхчүүд чинь мэхтэй, эрмэг харваачид чинь мэргэн байна. Эх нутаг, элгэн садан Монголчуудаа үеийн үед дээд тэнгэрээс ивээгээрэй.
Мөнх тэнгэрийн таалал, ивээл дор Монгол наадам эхэллээ" хэмээн Үндэсний их баяр наадмыг нээлээ.
Наадмын нээлтийн ажиллагаа үргэлжилж байна.
Дүрс бичлэгээр дамжуулж байна.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.