“Жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн форум-2019”-ыг Тогтвортой хөгжлийг хангахад жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн оролцоо сэдвээр өнөөдөр “Корпорайт” зочид буудлын хурлын танхимд зохион байгуулж байна.

Өнгөрсөн жил анх удаа зохион байгуулагдсан форумын үр дүнд Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгад баялаг бүтээгч, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн санал бодлыг тусгуулж чадсан гэж форумд оролцогчид дүгнэж байгаа юм.

Улмаар шинэ хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан шинээр байгуулагдах агентлаг, дагалдан гарах журмууд болон цаашид баримтлах бодлого, хийх ажлын талаар баялаг бүтээгч, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдээс санал авах зорилгоор энэ удаагийн форумыг зохион байгуулж байгаа хэмээн “Баялаг бүтээгдчийг дэмжих холбоо” ТББ-аас форумын эхэнд онцлон хэллээ.

Засгийн газар, УИХ, жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчид, тэдэнтэй холбогдох төрийн байгууллагын төлөөллүүд оролцож байгаа форумд Монгол Улсын Ерөнхийлөгч илгээлт хүргүүлснийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд уншиж танилцууллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын илгээлт:

Монголын нийт баялаг бүтээгч, жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдэд болон форумд оролцож байгаа Та бүхэнд ажлын амжилт хүсэн мэндчилж байна.

2018 он бол Монгол Улсын хувьд шударга ёс, хууль, шүүхийн өмнө хүн бүр эрх тэгш байх, хууль дээдлэх зарчмыг хэрэгжүүлсэн цаг хугацаа байлаа. Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаатай эдлэхээр олгогдсон эрхээ хамгаалж, дуу хоолойгоо нэгтгэж, шударга ёсыг эрэлхийлж, хуулийн засаглал хүчгүйдсэнийг засах гэсэн иргэдийн идэвх, тэмцэл сэргэсэн он байв.

Баялаг бүтээгчдийг дэмжих холбооноос 2018 оны 6 дугаар сард “Жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн форум-2018”-ыг зохион байгуулсан нь үүнд зохих үр нөлөөгөө үзүүлсэн юм. 

Төрөөс баялаг бүтээгч, жижиг дунд үйлдвэр эрхлэгч нарт зориулсан жилийн 3 хувийн хүүтэй, нэн хөнгөлөлттэй зээлийг Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүд мэдээллийн давуутай байдал, албан тушаалаа урвуулан ашиглаж, хувьдаа авсныг энэ форумаар анх мэдээлж, мэдээллийн мөрөөр хэвлэл мэдээллийн болон төрийн бус байгууллага, иргэд, олон нийт идэвхийлэн зүтгэсний хүчинд хууль бус үйлдлүүд илэрч, одоо хууль хяналтын байгууллагууд шалган тогтоох үйл ажиллагаа явагдаж байна.

Улс төрчдийн амин хувиа хичээсэн, авлигажсан хариуцлагагүй үйлдлийн улмаас эх орондоо хуулийн шударга засаглал тогтоон, шударгаар ажил хөдөлмөр эрхэлж, амар тайван аж төрөх ард түмний итгэл найдвар алдагдаж, Монгол Улсын нийгэм, эдийн засгийн аюулгүй байдалд ноцтой хор хохирол учирсныг таслан зогсооход өмнөх жилийн форум ийнхүү онцгой түлхэц болсныг тэмдэглэх нь зүйтэй.

Засгийн газрын тусгай сангуудын үйл ажиллагааг шилэн, ил тод, нээлттэй, олон нийтийн хяналт дор явуулах нэн шаардлагатайг эдгээр хууль бус үйлдлүүд харуулсан юм. Энэ жилээс Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас олгож буй төсөл сонгон шалгаруулалт ил тод, олон нийтийн хяналт дор явагдаж эхэлсэн нь иргэдийн эсэргүүцэл, Та бүхний үйл ажиллагааны нэгээхэн үр дүн мөн.

Төрөөс олгож буй нэн хөнгөлөлттэй зээл нь үндэсний үйлдвэрлэгчдэд бичлээс жижиг, жижгээс дунд үйлдвэрлэгч болон үйл ажиллагаагаа өргөжин тэлж, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэхэд үнэмлэхүй түлхэц болох учиртай. Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний салбарт ажиллаж байгаа 800 мянга гаруй баялаг бүтээгчдийн эрх ашиг бол нийт иргэдийн, улс орны хөгжлийн эрх ашиг юм гэдгийг хүн бүр мэдэж байх ёстой. Тиймээс жирийн иргэдийн боломжийг хулгайлсан, “ЖДҮ-ийн” гэж нэрлэгдсэн улс орны хөгжлийн эсрэг дээрх гэмт хэрэгтэй хэрхэвч эвлэрэх учиргүй.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд 2018 оны 11 дүгээр сард баялаг бүтээгчдийн төлөөлөл болох 150 бизнесменийг Иргэний танхимд хүлээн авч уулзаж, санаа бодлыг сонсож, жижиг, дунд үйлдвэрлэгчдэд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх талаар тодорхой түвшинд ажиллаж байна. Цаашид ч баялаг бүтээгч, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийнхээ эрх ашгийг ямагт хамгаалж, хууль эрх зүйн орчныг тогтвортой, тодорхой байлгах, эх орондоо сайн сайхан, амар тайван амьдралыг цогцлоохын төлөө Та бүхнийг дэмжиж, хамтран ажиллах болно.

Форумын үйл ажиллагаанд амжилт хүсье.

Мөнх тэнгэрийн ивээл, хөдөлмөрч хичээнгүй иргэдийнхээ хичээл зүтгэлээр Монгол Улс хөгжин цэцэглэх болтугай” гэлээ.