Энэ сарын 11-15-ны өдрүүдэд KFC сүлжээ рестораны Зайсан дахь салбараар үйлчлүүлсэн 116 хүн хордлого авч, ойр ойрхон усархаг гүйлгэх, зарим хүнд бөөлжих, халуурах зэрэг эмнэлзүйн ижил шинж тэмдэг илэрсэн байна.

Тэдгээрийн 37 нь ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж буй аж.

Энэ талаар өнөөдөр НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун "Манайхаас хяналт шалгалт хийж, 39 төрлийн хоолны дээж, 41 нэр төрлийн хүнсний түүхий эд бүтээгдэхүүн, ундны усны 2, агаарын 5 сорьц, 4 ундааны сорьц авч лабораторид нян судлалын шинжилгээнд хамруулсан. 

Мөн тус түргэн хоолны газрын нийт 28 ажиллагсдаас ХӨСҮТ-ийн тархвар судлаач эмч, лаборант нар тухайн ажлын байранд байрлан эрүүл мэндийн үзлэг хийж, нян тээгч илрүүлэх шулуун гэдсний арчдасын сорьц авч шинжилгээнд хамруулаад байна. Шинжилгээний хариу гарсан. Ус болон бүтээгдэхүүнээс өвчин үүсгэгч илэрсэн. Мөн тус байгууллагын хоёр ажилтан цусан суулга өвчний халдвартай байсан нь илэрсэн. Эрүүл мэндийн үзлэгийн хуудсыг хуурамчаар үйлдсэн байсан. Өнөөдрөөс тус түргэн хоолны газрын бүх салбарыг шалгахаар болсон. Мөн бүтээгдэхүүнийг устгах ажиллагаа явагдах болно" хэмээсэн юм.

Тэгвэл дөнгөж сая KFC сүлжээ рестораныг Монголд оруулж ирсэн "Таван Богд фүүдс" ХХК мэдэгдэл гаргаж, үйлчлүүлэгчдээсээ уучлал хүслээ.

Тус мэдэгдэлд:

"...Манай байгууллага, удирдлагын зүгээс үйл ажиллагаандаа хэрэгжүүлдэг дотоод хяналтаа сулруулж хариуцлага алдсан, өдөр тутам мөрддөг стандарт, журмын хэрэгжилтийг алдагдуулснаас үүссэн тул гүнээ харамсаж, нийт үйлчлүүлэгчдээсээ уучлал хүсэж байна..." гэжээ.

Тус мэдэгдлийг хүргэж байна.