Тээврийн цагдаагийн албанаас зам тээврийн осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх нөлөөллийн аян эхлүүлжээ. Ингэхдээ “Бурхны шашинд зам мөр, тээврийн хэрэгсэлтэй хэрхэн холбогддог вэ” сэдвээр бурхны шашны төлөөлөлтэй ярилцсан бичлэгээ YouTube-д байршуулжээ.

Цагдаагийн алба хаагч болон бурхны шашны төлөөллийн харилцан яриаг товчлон хүргэж байна.

-Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн зохицуулагч, цагдаагийн ахмад Б.Энхболд: Бурхны шашинд хүний зам мөрийн талаар хэрхэн сургасан байдаг вэ. Ер нь зам мөр гэж юу вэ?

-Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлин хийдийн лам Ж.Одгарьд: Бурхны шашинт хүн энэ амьдарч байгаа нөхцөл байдлаасаа гэгээрэлд хүрэхийг зорьж байгаа, том зорилт тавьсныг замнаж байгаа зам мөр гэж ойлгодог. Бурхны айлдсан сургаал бидний зорчих ёстой зам, мөр юм.

-Б.Энхболд: Сүүлийн жилүүдэд монголчуудын маань тээврийн хэрэгслээр зорчих хөдөлгөөн нэлээдгүй нэмэгдсэн. Бурхны шашинд тээврийн хэрэгслийг юу гэж үздэг вэ?

-Ж.Одгарьд: 2,000 гаруй жилийн өмнө ямар нэгэн ердийн хөсөг байсан байх. Ямартай ч бурхны шавь нар Бурхан багшийн айлдсан сургаал номлолыг сударт буулган Их хөлгөний судар болгож амьдралдаа хэрэгжүүлж эхэлсэн. Их хөлгөний судар гэдэг нь хөлөг онгоц мэт.   

Бидний муу сэтгэл, шунал, нисванис, уур, мунхаг тэргүүтэндээ хүлэгддэг энэ ертөнцөөс гэтэлгэж явах унаа хөсөг нь бурхны шашны сургаал, ном юм.

Ахуй амьдралд бид унаа тэргээр, явганаар замын хөдөлгөөнд оролцож байна л даа. Тээврийн хэрэгсэл гэдэг бол нэг газраас нөгөө газарт хүрч, зорьсон хэргээ бүтээхэд хэрэглэж байгаа зүйл юм. Орчин цагт бид механикжсан тээврийн хэрэгслээр зорчиж байна. Үүнтэй зүй зохистой харилцахгүй бол яг л ирт мэстэй адил.

Хутга, сэлэм, буу шийдэм барьсан хүнийг зэвсэг барьсан байна гэж хардаг. Тэгвэл унаад явж байгаа машин яг түүнтэй ижил гэдэг ойлголтыг бид авах ёстой. Зөв харьцаж, зөв хэрэглэж дадахгүй бол нялх хүүхдэд хутга мэс бариулсантай адилхан нөхцөл байдал учирна.

-Б.Энхболд: Зам тээврийн ослын талаар бурхны шашинд юу гэж сургасан байдаг бол?

-Ж.Одгарьд: Зам, тээврийн хэрэгсэл гэдгийг Бурхан багш, бурхан багшийн шавь нар тодорхойлж, гол болгож сургаал номлол айлдаагүй байх.

Харин хүн өөрөө зөв байх, сэтгэлээ боловсруулах, нийгмийн харилцаанд оролцохдоо ямар зүйлийг зарчим болгох вэ гэдэгт л Бурхан багшийн айлдсан сургаал, номлолыг дэлгэрүүлэгч сэтгэгч нар гол анхаарлаа хандуулж, тайлбарласан байдаг.

Гэхдээ дотоод сэтгэл зөв боловсроод, аливааг ялгаж салгаж, уурыг урьтал болгодоггүй хүн зөвхөн тээврийн хэрэгсэл жолоодохдоо ч биш аливаа нийгмийн харилцаанд орохдоо амар амгаланг эрхэмлэдэг.

ВИДЕО ҮЗЭХ: