Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргүүдэд угаарын хийнд хордсоны улмаас дөрвөн иргэн амь насаа алдаж, 10 гаруй хүн эмнэлэгт хандсан талаар Нийслэлийн онцгой комиссоос өнөөдөр мэдээлэл хийлээ.

Энэ үеэр Нийслэлийн онцгой комиссын орлогч дарга Ж.Батбаясгалан "Баянзүрх, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргүүдэд тодорхой бус шалтгаанаар хүний амь нас эрсдэж, иргэд хордлого авсан асуудалтай холбоотойгоор Нийслэлийн Онцгой комисс өчигдөр 21.30 цагт шуурхай хуралдсан. Улмаар холбогдох мэргэжлийн байгууллагуудаас мэдээлэл авч, Шуурхай штаб байгуулан ажиллаж байна.

Үүссэн нөхцөл байдлын талаар товч мэдээлэл өгөхөд, 2019 оны 10 дугаар сарын 3-5-ны өдрүүдэд иргэд хүнд болон хөнгөн хордсон гэх мэдээллүүд ирсэн. Улмаар мэргэжлийн байгууллагууд шуурхай арга хэмжээ авч ажиллалаа.  

Шуурхай штаб өчигдрийн 23.00 цагаас хойш тохиолдол бүр дээр тодорхой дүн шинжилгээ хийлээ. Дөрвөн хүний амь нас эрсэдсэнд эрүүгийн хэрэг үүсгээд шалгалт явуулж буй учир шалгалтын дараа цагдаагийн байгууллага албан ёсны мэдээлэл өгнө. 

98 алба хаагч, 21 автомашин, техник хэрэгсэлтэйгээр Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан, Чингэлтэй, Хан-Уул дүүргүүдэд ажилласан. Ялангуяа иргэд хордсон байж болзошгүй нүүрс борлуулах цэгүүдээс дээж авч, АМГТГ-ын харъяа лаборатори, геологийн төв лабораторит шинжлүүлсэн. Өнөөдөр Гаалийн төв лабораторит мэргэжлийн байцаагч нарыг байлцуулж, албан ёсны дээж аваад дахин шинжлүүлж, дүн шинжилгээ хийлгэхээр боллоо. 

Мэргэжлийн хяналтын байгууллага Тавантолгой түлш компанийн түлшинд үйлдвэрлэж эхэлсэн өдрөөс авахуулаад байнгын шинжилгээ хийж байгаа. Сайжруулсан түлш нь олон улс болон Монгол Улсад хүлээн зөвшөөрөгдсөн стандартын дагуу үйлдвэрлэгдэж буй түлш гэдгийг би албан ёсоор хэлье.

Иргэд энэ түлшнээс өнгөрсөн 5 дугаар сараас хойш өнөөдрийг хүртэл 30 орчим тонныг худалдан авч, хэрэглэсэн. 

Өнөөдөр буюу 2019 оны 10 дугаар сарын 06-ны өглөөнийн 06.00 цагийн байдлаар 35 иргэн хийнд хордсон байж болзошгүй гэсэн шинж тэмдэгтэйгээр эрүүл мэндийн байгууллагад хандсан байна. Зарим нь өөрсдөө, зарим нь түргэн тусламжийн машинаар ирсэн. Яг одоогийн байдлаар 6 иргэн хэвтэн эмчлүүлж буй бөгөөд 16 настай хүүхдийн бие хүндэвтэр байна. Дөрвөн хүн нас барсан.

Түлшний талаар хэлэхэд, Сайжруулсан түлшний 95 хувь нь Өмнөговь аймгаас авчирч буй угаагдсан нүүрс, 2.5 хувийг барьцалдуулагч бодис /хүлээн зөвшөөрөгдсөн бодис/, 1 хувийг нь бэхжүүлэгч бодис, 1 хувийг шохой эзэлдэг. Ийм түлшийг түүхий нүүрсний оронд хэрэглэхээр МУ-ын Засгийн газар тогтоол гаргаад, хэрэглээнд нэвтрүүлээд буй.

Ер нь бол жил бүр хүйтний улирал эхлэхэд, ялангуяа 9 дүгээр сарын дундаас хойшхи үеүүдэд иргэд угаартах, ахуйн орчинд осол гарах тохиолдол гарч байна. Үүнтэй холбоотойгоор мэргэжлийн байгууллагууд удаа дараа, жил бүр байнгын сэрэмжлүүлэг мэдээлэл хүргэдэг. Харамсалтай нь өнгөрсөн өдрүүдэд хэд хэдэн хүний эрүүл, амь нас хохирлоо" хэмээн мэдээллээ.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн  “Бид иргэдэд хүрч буй сайжруулсан шахмал түлшийг үйлдвэрлэгдсэн цагаас нь эхлэн байнга шинжилж ажилласан. Тухайлбал, 2019 онд сар бүрийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээс дээж авч шинжлэхэд чийглэг, үнслэг, хүхэр, илчлэг, бат бэх чанар зэрэг үзүүлэлтүүд тухай тухайн үедээ бүгд стандартад нийцэхүйц дүнтэй гарсан. Өнөөдрийн байдлаар 200 мянган айл энэ түлшийг хэрэглэж байна. Тиймээс мэргэжлийн хяналтын байгууллагын зүгээс иргэд түлшнээс болж биш түлшний буруу хэрэглээнээс хордсон байж болзошгүй гэж үзэж байна” гэлээ.

Нийслэлийн онцгой комиссын зүгээс шинжилгээнд өгсөн дээжийн хариу гармагц тухай бүрд нь олон нийтэд мэдээллэх болно гэв.